Нүүр хуудасМэдээМАН-ЫН БҮЛЭГ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах...

МАН-ЫН БҮЛЭГ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ахална

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2026.11.18/-ийн хуралдаанаар УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хуулийн нэгтгэсэн төслүүдийн талаар гаргасан Хууль зүйн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын 3 хоногийн завсарлага авав.

Мөн хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. 2021-2026 оны хооронд хууль бус алт олборлолттой холбоотой байгаль экологи, эдийн засагт 10,8 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас 5,3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн хугацаанд 1856 гэмт хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж 668 хэргийг шүүхэд шилжүүлсэн бол тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож дотоод хяналт, шалгалтыг жил бүр эрчимжүүлж байгаа талаар салбарын сайд мэдээллээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой асуудлаар өнгөрсөн таван жилийн хугацаанд 1671 гэмт хэрэгт 1506 этгээдийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улсын хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар 245 мансуурах зөрчил бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр ажиллана.

Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжив. Ерөнхий хяналтын сонсголын товыг 2026 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН