Нүүр хуудасМэдээМАН-ын бүлэг: ЭЗБХ: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл...

МАН-ын бүлэг: ЭЗБХ: Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.19/-ийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 оны баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн. Өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөг болсон нь тус банкнаас хэрэгжүүлсэн төсвийн шинжтэй хөтөлбөрүүд байсан. Иймд үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдал болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд нийт 17 бодлогын арга хэмжээг авахаар тусгалаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар геополитикоос үүдэлтэй шатахуун, махны нийлүүлэлттэй холбоотой инфляц 13.4 хувьд хүрсэн. Үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэв.

Үргэлжлүүлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцуулав. Ажлын хэсэг мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулах, цаашид төсвийн шинжтэй арга хэмжээг төв банкнаас санхүүжүүлэхгүй байх, Монголбанкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалах, иргэдийн амьжиргааг сайжруулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн дэд заалтуудыг тогтоолын төсөлд шинээр тусгасан гэв.

Байнгын хорооны гишүүд Монголбанк инфляцыг барихад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс гадна бизнес, хувийн хэвшлийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулах, ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх, ногоон зээлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тодруулж, саналаа хэлсэн юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН