Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн ректор Б.Дамдиндорж нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон ДЭМБ-ын Академийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
ДЭМБ-ын Академийн баг нь “Нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-г бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын холбогдох яамдтай хамтран ажиллах хүрээнд манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, цар хүрээг тодорхойлох чиглэлээр санал солилцсон юм.
Уулзалтын үеэр талууд дараах гол асуудлуудыг хөндөн ярилцав. Үүнд:
Хүний нөөцийн төлөвлөлт ба чадавх: Нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд оролцдог байгууллагуудын уялдаа холбоо, ялангуяа Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв шинээр байгуулагдаж буйтай холбогдуулан хүний нөөцийн төлөвлөлт, мэдээллийн системийг боловсронгуй болгох;
Сургалт ба мэргэжлийн тасралтгүй хөгжил: Нийгмийн эрүүл мэндийн салбарын ажилтнуудын боловсрол, сургалтын хэрэгцээ, ур чадвар болон мэргэжлийн тасралтгүй хөгжлийн өнөөгийн байдлыг үнэлж, сургалтын орхигдсон хэсэг, цоорхойг нөхөх;
Хамтын ажиллагааны дараагийн алхмууд: Нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл, хүний нөөцийн чадавх, мэдээллийн систем болон сургалтын тогтолцоог хооронд нь уялдуулсан салбарын хүний нөөцийг бэхжүүлэх нэгдсэн төлөвлөгөө, саналыг боловсруулах.
Энэхүү ажлын хүрээнд ДЭМБ-ын Академийн баг бэлэн сургалтын хөтөлбөр санал болгохоос илүүтэй Монгол Улсын бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг нарийвчлан судалж, улмаар эрүүл мэндийн боловсрол, хүний нөөцийн хөгжлийг дэмжих уялдаатай дараагийн алхмуудын анхны багц саналыг талуудтай зөвшилцөн боловсруулахаар ажиллаж байгаа аж.






