Нүүр хуудасМэдээНИТХ: Нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт...

НИТХ: Нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг 30 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны жилийн эцсийн тайлангийн хурал өнөөдөр /2026.11.20/ болж, нийслэлийн хэмжээнд болон есөн дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын зорилтыг хэлэлцлээ.

Хуралдааныг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр нээж үг хэлэв.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь 2022 онд байгуулагдсан бөгөөд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулж, 70 гаруй арга хэмжээг хэрэгжүүлжээ. Үүний дотор зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх чиглэлд илүү анхаарч ажилласан байна. Мөн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгах ажлын хүрээнд сургалт, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулжээ.

Тайлант хугацаанд нийслэлийн хэмжээнд гомдол, мэдээлэл 10 хувиар, хулгайн гэмт хэрэг 30 хувиар, залилах гэмт хэргийн гомдол 10 хувиар тус тус буурсан бол гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ялангуяа хулгайн гэмт хэргийн гаралт сүүлийн 30 жилд байгаагүй түвшинд буурсан талаар онцоллоо.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд камержуулалт, хяналтын тогтолцоог сайжруулахын зэрэгцээ иргэдийн оролцоо, соён гэгээрүүлэх ажлыг нэмэгдүүлэхэд анхаарчээ. Тухайлбал, нийслэлийн 204 хорооны нийгмийн ажилтнуудад ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим тоног төхөөрөмж гардуулан өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажилласан байна.

Дүүргүүдийн тайлангаас үзэхэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тухайн орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулжээ. Баянгол дүүрэгт 2026 онд зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, зөрчлийг бууруулахад анхаарч, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хороодын эргүүл хяналтыг нэмэгдүүлэх, камержуулалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлсэн байна. Тус дүүрэгт зам тээврийн ослоор хүүхдийн амь эрсдээгүй нь онцлох үр дүн байв.

Баянзүрх дүүрэг 2026 оныг “Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, шөнийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дулаан мэдрэгчтэй камер ашиглан эргүүл, хяналтыг сайжруулжээ. Мөн ахлах ангийн сурагчдад чиглэсэн “Боловсрол ирээдүй” төсөл, “Хамтдаа сэргийлье” аяныг хэрэгжүүлж, архины хамааралтай иргэдийг эмчилгээ,сэтгэлзүйн зөвлөгөөнд хамруулах, сургуулийн орчинд тамхи, электрон тамхины худалдааг хязгаарлах чиглэлээр ажилласан байна. Тус дүүрэгт 2026 оны эхний 10 сарын байдлаар 7,178 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурчээ.

Багануур дүүрэгт авто замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх замаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулсан байна. Тухайлбал, “Оюунлаг лиг”, “Итгэлтэй утас”, “Би найзаа дэмжинэ” зэрэг хөтөлбөр, аяныг хэрэгжүүлжээ.

Багахангай дүүрэгт малын хулгай, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, цахим болон үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, 152 хяналтын камер шинээр ажиллуулсны 66 нь бичлэг хадгалах боломжтой аж. Мөн хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлэг, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хяналтыг сайжруулах, насанд хүрээгүй хүүхдэд архи, тамхи худалдаалахаас сэргийлэх чиглэлд анхаарч ажиллажээ.

Налайх дүүргийн хувьд 2026 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар нэмэгдсэн тул архидан согтуурахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахад анхаарч байгааг дурдав. Тус дүүрэгт нийт 161 байршилд 299 камер байгаагаас 271 нь хэвийн ажилладаг бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор авто замд 55 босоо тэмдэг шинээр суурилуулжээ.

Хуралдааны үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн нэг байгууллагын чиг үүрэг бус, төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Цаашид хүүхэд, гэр бүлийн хамгаалал, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг бодит үр дүнтэй уялдуулан ажиллах юм.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн жилийн эцсийн тайлангийн хурал үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН