Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Боловсролын салбарын зөвшөөрлийн шинэчлэл, бизнесийн орчны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Боловсролын салбарын зөвшөөрлийн шинэчлэл, бизнесийн орчны асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Боловсролын яам хамтран 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Отгонцэцэг, Боловсролын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Н.Пүрэвцогт нар нээж үг хэлэв.

Хэлэлцүүлгээр зөвшөөрлийн эрх зүйн шинэчлэл, хуулийн хэрэгжилт, боловсролын салбарын цахимжилт, бүх түвшний сургалтын байгууллагын зөвшөөрлийн зохицуулалт, магадлан итгэмжлэл болон төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.

Зөвшөөрлийн шинэчлэлийн хүрээнд боловсролын салбарт гарсан ахиц:

• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн тоог 17-оос 6 болгон бууруулсан.

• Дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн тоог 22-оос 8 болгон цөөрүүлсэн.

• Салбарын 7 төрлийн тусгай, 5 төрлийн энгийн зөвшөөрлийг цахимаар олгож байна.

• Зөвшөөрөл, магадлан итгэмжлэл болон боловсролын мэдээллийн цахим системүүдийн уялдааг сайжруулж байна.

Боловсролын салбарын зөвшөөрөл, магадлан итгэмжлэл болон холбогдох төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх зорилготой хамтарсан зөвлөгөө, мэдээллийн өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төвд үргэлжилнэ.

Өдөрлөгийн хүрээнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Боловсролын үнэлгээний төв болон Нийслэлийн боловсролын газар хамтран иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрөл, магадлан итгэмжлэл, лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээний талаар мэдээлэл өгч, мэргэжлийн зөвлөгөө хүргэж байна.

Иргэд, аж ахуйн нэгж, сургалтын байгууллагууд та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН