УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ…
УУЛ УУРХАЙ ШҮТЭЖ, ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭДЭГ УЛС БИШ, ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОЛОВСРУУЛАХ, НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХ НЬ БИДНИЙ ХӨГЖЛИЙН НЭГ ГАРЦ МӨН ГЭВ.
Г.ЗАНДАНШАТАР: АРЬС ШИР, НООС НООЛУУРААСАА 10 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖ, 200.000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар (2020.05.13) “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг баталлаа.
Өнөөгийн байдлаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авилигын индексээр 93 дугаар байрыг эзэлж байна. Хүн амын ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувь болж, Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 240 хувьтай тэнцэж, зөвхөн гадаад өрийн хүүгийн төлбөрт жилд 1 их наяд төгрөг төлж, төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрсэн байна. Тиймээс өөрөө өөрийгөө тэтгэсэн, гадаа зах зээлийн сөрөг өөрчлөлтөөс дархлагдсан эдийн засгийг төлөвшүүлж, эдийн засгийн хөгжлийн үр дүнд бий болгосон баялгийг иргэндээ хүртээж, нийгмийн хөгжлийг дархлах эрхэм зорилго энэхүү “Алсын хараа-2050” үзэл баримтлалд багтсан юм.
Хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 2020-2030, 2031-2040, 2041-2050 гэсэн 3 үе шаттай хэрэгжих юм.
Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө Азид тэргүүлэгч орны нэг болох зорилготой “Алсын хараа-2050”-ыг баталсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт хийсэн НҮБ-ын шинжээчид Монгол Улсад салбар хоорондын бодлогын уялдаа холбоо, залгамж чанар сул, урт хугацаанд тогтвортой, тасралтгүй хэрэгжих бодлого муу байна. Гол давуу тал болох учиртай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжихгүй байгааг эн түрүүнд засах шаардлагатай гэж тэмдэглэсэн байдаг. Өнгөрсөн 30 жилд бид хөдөө аж ахуйн болон түүнд түшиглэсэн хүнсний үйлдвэрлэлийг үндсэндээ зогсоосон. Худалдаа, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог байхгүй болгосон. Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн доройтлын нэг шалтгаан энэ. Тиймээс бидний нэн тэргүүний зорилт бол хөдөө аж ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийг хүү багатай, урт хугацаатай зээлээр дэмжиж, арьс шир, ноос ноолуураа боловсруулж, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргавал экспортын орлого 10 тэрбум доллараар нэмэгдэж, 200 мянган ажлын байр бий болох бололцоотой. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмүү өртөг шингээдэг, ажлын байр ихээр “шингээдэг” салбар.
Зөвхөн уул уурхайг шүтэж, түүхий эд бэлтгэдэг улс орон болсон алдааг засах ёстой. “Алсын хараа-2050” хөтөлбөрийн зөвхөн нэг чиглэлийг дурдахад ийм байна. Тиймээс урт хугацааны хөгжлийн бодлого, ирээдүйн зүг чиг болсон хөтөлбөрийг УИХ баталж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө Монголын төр, засаг, монгол хүн бүр хичээх ёстой” гэв