Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УОК-ын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хугацаанд нь эхлүүлэх шийдвэрийг дэмжсэн. Ингэснээр хүүхдүүд есөн сарын нэгэнд хичээлдээ явахаар болж байгаа ч талд нь гэртээ сууж хичээлээ хийхээр болж байгаа юм. Тодруулж хэлбэл, ажлын тав хоногийн гуравт нь хүүхдүүд хичээлдээ сууж, хоёр өдөрт нь гэртээ цахим хичээлээ үзэх болж байна. Энэ шийдвэрийг эргэцүүлж бодвол эрсдэлтэй алхам гэж хэлж болохоор. Учир нь дэлхий даяар тархаж 16 сая хүнийг өвчлүүлээд байгаа коронавируст амрах өдөр байхгүй л байлтай. Өдөр бүр, цаг тутамд хүн төрөлхтөн рүү давшилж байхад хүүхдүүд ямар өдөр нь сургуульдаа яваад, ямар өдөр нь гэртээ байх ёстойг нэг л ойлгож өгөхгүй юм. Өөрөөр хэлбэл мягмар, пүрэв гаригт цахимаар хичээлээ үзэх хүүхдүүдэд корона үйлчлэхгүй учраас ийм шийдвэр гаргав уу гэдэг асуулт гарлаа.
Энэ хичээлийн жилд 300 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт, 680 мянга гаруй хүүхэд сургуульд, 150 мянга гаруй оюутан их дээд сургууль, коллеждоо суралцана. Хамгийн хачирхалтай Засгийн газрын шийдвэрээр цэцэрлэгийн насныхан, ЕБС-ийн сурагчид түрүүлж хичээллэж байгаа нь тэднийг туршилтын туулай болгох нь уу? гэж шүүмжлэх явдал ч цахим орчинд таржээ. Ямартай ч Засгийн газрын шийдвэр ийм байна. Нэгэнт шийдсэн асуудлыг яалтай билээ, хүүхдүүдээ хамгаалаад амны хаалтыг нь л тогтмол зүүхэд анхаарах хэрэгтэй болж дээ эцэг эхчүүд минь…