Нүүр хуудасНийтлэлҮНЭН-САЙН-ЧУХАЛ-ЭСЭХИЙГ БОД... ДАРАА НЬ ШЕЙР ХИЙ...

ҮНЭН-САЙН-ЧУХАЛ-ЭСЭХИЙГ БОД… ДАРАА НЬ ШЕЙР ХИЙ…

Шейр хийж бусадтай хуваалцах мэдээлэлдээ цензуртай хандаж сурах нь сошиал хэрэглээний зүй ёсны соёл болж.

Цаг үе нийгэм өөрчлөгдөж бидний хэрэглээ улам боловсронгүй болсоор байгаа ч хэрэглэгчдийн сэтгэхгүй өөрчлөгдсөнгүй.

Бид сошиал хэрэглээнийхээ эзэн нь биш боол нь болж эргээд хохирогч нь болж тэр хор уршгийг бусдад ч бас халдааж байна.

Хэдэн зуун мянган хэрэгтэй хэрэггүй мэдээллийг ямар ч хяналтгүйгээр хуваалцсанаас болж бусдын нэр хүнд, хувийн амьдрал, сэтгэл зүй, оюун санаанд халдлага үйлдэх болж.

Хэдэн жилийн өмнө барилга дээрээс үсэрч амиа хорлосон охины бичлэгийг хүмүүс маш олноор шейрлэж түүнийг нь санаандгүйгээр үзсэн хүмүүсийг нэг хэсэгтээ л тавгүйтүүлсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө 2 настай бяцхан охиноо бусдад үрчлүүлнэ гэж зар тавьсан ухаан муутай ээжийн постыг хэдэн мянгаараа шейрлэж түгээв. Буруу зөв гэж шүүмжлэхийн тулд хошуу амаа билүүдсэн хэдэн мянган танихгүй хүмүүсийн үг хэлний өмнө хөөрхий учир мэдэхгүй бяцхан охин булуулав.

 Хэнд ч хэрэггүй, ач холбогдолгүй, зарим нь худал эсвэл үнэн эсэх нь эргэлзээтэй мэдээлэлд хяналттай хандаж бусдад түгээхдээ дахин эргэцүүлэн бодох ухаанд суралцъя.

Нэгэн сургамжтай түүхийг хуваалцъя.

 Нэг хүн Сократаас ийн асуужээ:

-Таны найз надад таны талаар юу гэж хэлснийг та сонсмоор байна уу?…

—Хүлээгээрэй, гэж Сократ түүнийг зогсоогоод,

— Чи хэлэх гэж байгаа зүйлээ эхлээд 3 дэнсэн дээр дэнслээд үз.

— Гурван дэнсээ?

— Ямар нэгэн зүйлийг ярихын өмнө гурван дэнсээр дэнслэж үзэх хэрэгтэй. Эхлээд ХУДАЛ-ҮНЭН-ий дэнс. Чиний хэлэх гэж байгаа зүйл үнэн гэдэгт чи итгэлтэй байна уу?

— Үгүй ээ, би ердөө энийг сонссон шүү дээ.

— За тэгвэл чи үнэн, эсвэл худал эсэхийг нь мэдэхгүй юм байна. За тэгвэл одоо САЙН-МУУ-гийн дэнсээр дэнслээд үз. Чи миний найзын талаар надад таатай зүйл хэлэх гэж байна уу?

— Үгүй ээ, эсрэгээрээ.

— За тэгэхээр чи үнэн худал эсэхийг нь ч мэдэхгүй хирнээ хэн нэгний талаар таагүй зүйл ярих гэж байдаг. За одоо 3 дахь дэнс АЧ ХОЛБОГДЛЫН дэнс. Чиний надад ярих гэж байгаа зүйл тийм чухал мэдэх ёстой зүйл үү?

– Үгүй дээ, нээх ач холбогдолгүй.

— За ингээд чиний ярих гэж байгаа зүйлд ҮНЭН ч алга, САЙН юм ч алга, АЧ ХОЛБОГДОЛ ч алга.

Ийм юмыг ер нь ярьж яах юм.

Чухам ийм л цензур сошиал орчинд үгүйлэгдэж байна. Бид бусдаас өрсөж мэдэмхийрэх, илүү байх, өрсөх гэсэн өнгөц үйлдэлдээ бус түүнээс гарч болох үр дагаварыг бодож хүн чанартаа хяналт тавих ёстой болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН