Нүүр хуудасМэдээГадаад харилцааны сайд Н.Энхтайван ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 27 дугаар уулзалтад оролцож...

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ЕАБХАБ-ын сайд нарын зөвлөлийн 27 дугаар уулзалтад оролцож байна

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тэргүүтэй төлөөлөгчид 2020 оны 12 дугаар сарын 3-4-ний өдөр цахимаар болж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 27 дугаар уулзалтад оролцож байна.

Сайд Н.Энхтайван 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанд бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр, тухайлбал терроризм, цахим гэмт хэрэг, хүний наймаатай тэмцэх; ардчилал, хүний эрх, сайн засаглалыг хөгжүүлэх; жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр ЕАБХАБ-тай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллах нь чухал гэдгээ илэрхийлэв.

Мөн Ковид-19 халдварын тархалтын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж, тулгарч буй эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Европын орнуудтай хамтран ажиллах, тухайлбал, эдийн засагт, нэн түрүүнд хөдөө, аж ахуй, хүнсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэлт болгов.

Халдварын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэйгээр хуваарилах Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын байр суурийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгаагаа илэрхийлж, вакцинжуулалтын ажлыг бүх улсад тэгш хүртээмжтэйгээр нэгэн зэрэг хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Сайд нарын зөвлөлийн уулзалтад ЕАБХАБ-ын гишүүн 40 гаруй улс Гадаад харилцааны сайдын түвшинд оролцож байна. Уулзалтаар ЕАБХАБ-ын 2020 оны үйл ажиллагааг дүгнэж, олон улс болоод бүс нутагт тулгамдаад буй улс төр, аюулгүй байдлын асуудал, тухайлбал Украины хямрал, “Уулын Карабах”-ын асуудлыг хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН