ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр хийсэн шинжилгээнээс 20 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 18 нь Улаанбаатар хот, тодруулбал, Баянзүрх дүүргийн голомтоос гаралтай бол 2 нь Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүнээс илэрсэн гэж мэдээллээ.
“Тэнүүн Огоо” автобус баазын хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тус автобус баазын арваад залуус салхинд гарсан бөгөөд тэдгээрийн хоёроос халдвар илэрсэн. Үлдсэн хүмүүсийг тусгаарласан. Тус автобус баазаас ойрын болон хоёрогч хавьтал 90-ээд хүнээс анхны шинжилгээгээр халдвар илрээгүй” гэлээ.
Тус автобус баазаас илэрсэн эхний тохиолдол зуслан чиглэлийн автобусанд жолоочоор ажиллаж байсан гэсэн мэдээллийг асуумжид бөглөсөн байна. Жолоочийн өгсөн мэдээллээр Чингэлтэй-Зунжин гэсэн чиглэлд үйлчилгээнд явдаг гэсэн боловч, Тэнүүн-Огоо ХХК-ийн үйлчилгээ үзүүлдэг чиглэлд ийм чиглэл байхгүй байгаа юм. Тухайн жолооч болон шинээр халдвартай болох нь тогтоогдсон хоёр жолоочийн үйлчилгээнд гардаг чиглэл одоогоор баталгаатай бус байна.
Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 1,195 тохиолдлоос 824 хүн буюу 69 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 361 хүн эмчлэгдэж байна.