Гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа. Үүнд:
- Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
- Дархан-Уул аймагт 3 иргэнээс халдвар илрэв. Эдгээр иргэн Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
- Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус иргэн мөн “Сэмжид Хужирт” сувилалд амраад иржээ.
- Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлсэн 50 хүнээс шинжилгээ авахад 14 хүний хариу сул эерэг гараад байна.
Одоогоор Өвөрхангай аймгийн сувилалд гараад буй халдварын эх уурхайн талаар ЭМЯ мэдээлээгүй байгаа ч “Сэмжид Хужирт” амралттай холбоотой ийнхүү гурван аймагт халдвар бүртгэгдэв.
Ийнхүү хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээснээс хойш COVID-19-ийн халдвар Монгол Улсын 13 аймагт бүртгэгдлээ.