Хүн бүрийн бахархан ярьдаг эх орон гэгч чухам хаанаас эхэлж, эх орны торгон хилийг ямар аавын хөвгүүд манаж үүрэг гүйцэтгэж байгааг яг л байгаагаар нь, бодитоор харуулахаар зорьж буй “Атга чулуу, сөөм газар” төсөл хэрэгжиж байна. Тус төслийн хүрээнд хийгдэж буй реалити шоу нэвтрүүлэг тун удахгүй олны хүртээл болно. “Check” медиа агентлаг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран бэлтгэж буй энэхүү шоу нэвтрүүлэг нь эх орны эхлэл болсон хил дээр хийгдэж байгаа мөн мэдээллийн сайтууд дундаас анх удаагаа реалити шоу нэвтрүүлгийг үзэгч, уншигчдынхаа хүртээл болгоно гэдгээрээ онцлог юм. Энэхүү шоу нэвтрүүлгийн талаар төслийн ерөнхий продюсер, “Check media” агентлагийн ерөнхий захирал Т.Цолмонсайхантай ярилцлаа.
-Юуны өмнө шоу нэвтрүүлгийн төслөө амжилттай эхлүүлж чадсанд баяр хүргэе. Хил хамгаалах байгууллага өөрөө их хаалттай тусгай чиг үүрэг бүхий газар шүү дээ. Гэтэл танай медиа агентлаг энэ газартай хамтран эх орны торгон хил дээр шоу нэвтрүүлгийн зураг авалт хийж эхэлсэн гэж дуулаад их гайхаж бас баярласан. Шоу нэвтрүүлгийн эхний зураг авалт амжилттай явагдсан гэж дууллаа. Ганзага дүүрэн ирж чадав уу ?
-Баярлалаа. Шоу нэвтрүүлгийн маань эхний хэсгийн зураг авалт Баян-Өлгий аймагт амжилттай явагдаж дууслаа. Үнэхээр нүд баясаж, сэтгэл сэргэм үзэсгэлэнтэй, онгон дагшин байгальд зураг авалт маань болж өнгөрсөнд маш их олзуурхаж, сэтгэл тэнэгэр байна. Тэр сайхан онгон дагшин байгаль дунд эр хүний зориг, тэвчээр, цэрэг хүний хатуужил, ур ухааныг харуулж хилээ, эх орноо манаж байгаа аавын хөвгүүдийн амьдрал ахуйг ч энэхүү шоу нэвтрүүлгээрээ дамжуулж харуулахыг зорьсон.
Зураг авалтын үеэр эх орныхоо торгон хилийг манаж байгаа тэр эрэлхэг аавын хөвгүүдтэй нөхөрлөж, Хил хамгаалах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж эх орон минь чухам хаанаас эхэлдэг, түүнийг ямар хүмүүс манаж үүрэг гүйцэтгэж байгааг өөрийн нүдээрээ харж биеэрээ мэдрээд ирсэндээ ч маш их баяртай байна. Мэдээж манай шоу нэвтрүүлгийн маань гол зорилго нь хилчин цэргүүд, тэднийг удирдан хариуцаж байгаа ахлагч, офицеруудын амьдрал тэр буйдхан хилийн застав дээр хэрхэн өрнөж, албаа хэрхэн хааж байгааг яг л байгаагаар нь бодитоор нь харуулахыг зорьсон. Тэрхүү зорилгодоо ч хүрч түмэн олондоо чанартай сайн уран бүтээл хүргэхээр зорин ажиллаж байна. Таны хэлдгээр уран бүтээлийн олж омог, ганзага дүүрэн ирсэн дээ.
-Хэн хүний очоод байдаггүй хил дээр зураг авалтаа хийсэн гэхээр их сонирхол татаж байна л даа. Шоу нэвтрүүлэгт яг юуны талаар гарах вэ. Нууц биш бол жаахан хуваалцаач ?
-Шоу нэвтрүүлэг маань хил дээр алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчид чухам ямар үүрэг гүйцэтгэж, ямар орчин нөхцөлд алба хааж байгааг харуулах зорилготой. Тиймдээ ч нэвтрүүлэгтээ цэргийн алба хаагаагүй цэргийн насны залуусыг оролцуулсан. Баян-Өлгий аймагт явагдсан нэвтрүүлгийн зураг авалтад жүжигчин, комедиан Б.Эрдэнэбилэг буюу Бээгий оролцсон. Монголд Stand Up Comedy гэх тайзны хошин өгүүлэмж бүхий урлаг нэлээд эрчимтэй хөгжиж, цэргийн насны залуучууд ч тэднийг их сонирхож үзэж, сонсох болсон. Тэр ч утгаараа бид UB comedy-ийн комедиан Бээгийг сонгож шоу нэвтрүүлэгтээ оролцуулахаар шийдсэн. Мэдээж манай оролцогч маань ч өөрөө цэргийн алба, тэр дундаа хилийн цэргийн амьдралаар хэсэг хугацаанд амьдарч өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Зорилго тэмүүлэлтэй байсандаа ч юм уу оролцогч маань их хичээж нэвтрүүлгийн зураг авалт маань ч их сайхан болсон. Ер нь л их гар нийлсэн сайхан натур болсон. Одоо Дорнод аймагт явагдах зураг авалтын бэлтгэлээ базаагаад тун завгүй гүйж байна даа.
-Одоо Дорнод аймагт ахиад зураг авалт хийгдэх юм уу. Эх орны баруун, зүүн хязгаарт хийгдэх нь дээ?
-Тийм ээ одоо Дорнод аймагт ахиад зураг авалттай. Бид Баян-Өлгийн зураг авалтаа дуусгаад хотод ирээд ердөө гурав хонож байна. Энэ долоо хоногийн сүүлээр Дорнод аймгийг зорихоор зураг авалтын бэлтгэлээ базаагаад байж байна. Ер нь энэ төсөл маань хоёр жил дараалан хэрэгжих төсөл л дөө. Эхний жил эх орны баруун, зүүн хязгаарт буюу Баян-Өлгий, Дорнод аймгуудад, дараа жил урд хойд хэсэгт гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу энэ жил баруун, зүүн хязгаарын хоёр аймагт, хил дээр,тэр дундаа хилчдийн амьдрал өрнөдөг хилийн застав дээр зураг авалтууд маань явагдана. Хоёр өөр аймагт буюу эсрэг зүгт, цаг агаар, байгалийн тогтоцийн хувьд ч эсрэг тэсрэг хоёр аймагт хилчид хэрхэн аж төрж хилээ манаж байгааг харуулахыг зорьсон гэх үү дээ. Цагийн зөрүү хүртэл байгаа шүү дээ. Жишээ нь Дорнодод өглөө нар мандаж цэргүүд босч байхад Баян-Өлгийд цэргүүд унтаж байх жишээтэй. Үүнийг л харуулахаар бид дээрх хоёр аймгийг сонгож төслөө хэрэгжүүлэхээр болсон. Ер нь ч тэгээд бид хилээ манаж үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Гэтэл яг дэргэд нь очоод, хилийн манаандаа явахад нь морийг нь унаад дагаад явахад ямар хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэж, эх орноо манаж байгааг нь ойлгодог юм билээ. Ёстой л нөгөө эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүний эр зориг, тэвчээр хатуужилаар л энэ албыг нэр төртэй хааж, та биднийг тайван амгалан унтаж амрах боломжийг олгодог юм байна гэдгийг ойлгосон. Манай нэвтрүүлгийн оролцогч Бээгий маань ч тэр бахархах түүх, омогших эх орон минь эндээс л эхэлдэг юм байна гэж шүүрс алдаж байсан шүү. Үүнийг нь хараад нэвтрүүлэг маань ямартай ч хүнд хүрэх юм байна гэж битүүхэндээ баярлаж суусан даа. Одоо Дорнод аймгийг зорих гэж байна. Бас нэгэн гайхалтай аялал, баялаг түүх, сайхан уран бүтээл нүдэнд харагдаж төсөөлөгдөөд л тогтож ядаад сууж байна. Сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд үүнээс л аз жаргалыг мэдрэх юм даа.
-Та өөрийнхөө цахим хуудсанд нэгэн түүхийг бичиж, анхдагч болсон тухайгаа дурдсан байсан. Үүнийгээ сонирхуулаач. Нэвтрүүлгийн зураг авалтын үеэр болсон явдал уу ?
-Тиймээ / инээв/ . Нэвтрүүлгийн зураг авалтын нэг хэсэг хилийн зурвас орчим үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тухай юм л даа. Тэр үед үүрэг аваад хилийн зурвас дагуу үүрэг гүйцэтгэхээр томилогдсон алба хаагчдыг дагаад нэвтрүүлгийн зураг авалтын баг явсан. Маш өндөр уулнууд, өтгөн шигүү ой дундуур өндөр цавчим хад асгадын дундуур морь байтугай явган хүн ч явахад хэцүү газраар явж үүрэг гүйцэтгэдэг юм бил ээ. Манай зураг авалтын баг ч ялгаагүй үүрэг авч нэвтрүүлгийн зургаа амжилттай, баялаг болгохын тулд хилчдээ дагаад явсан. Айж эмээх үе байсан ч уран бүтээлээ бодоод чадахаараа дагаж яваад зургаа ч авч, нэвтрүүлгээ ч илүү баялаг сайхан болгосон. Тэр үед хамт явсан алба хаагчид надад хэлэхдээ хилийн зурвас дагуу бидний явсан замаар зөвхөн хилчид үүрэг гүйцэтгэдэг. Та болон танай багийнхан үүгээр хилчидтэй хамт үүрэг гүйцэтгэсэн анхны энгийн иргэд боллоо гэж хэлж байсан нь үнэхээр сайхан санагдаж эрч хүч нэмж байсан шүү. Бидний явсан тэр олон өндөр уулан дээр надаас өөр эмэгтэй хүн хилчидтэй хамт үүрэг гүйцэтгэж яваагүй гэсэн. Далайн түвшинээс дээш 3.300 метрийн өндөрт Бэхт хайрханы оройд хилчидтэй хамт үүрэг гүйцэтгэсэн анхны эмэгтэй гэж бодохоор өөрийн эрхгүй бахархаж омогшдог юм билээ. Сэтгүүлч гэх сайхан мэргэжлийг эзэмшсэнийх, төслийнхөө буянаар ч гэх үү өөрийнхөө амьдралд бас нэгэн сайхан дурсамж түүхийг бүтээгээд амжсан шүү.
-Үнэхээр л жирийн хүний хүсээд ч очдоггүй тэр онгон дагшин газарт төслийнхөө буянаар очиж, үзэгчиддээ үзүүлж харуулах боломжийг олгож байгаа юм байна.
-Яг тийм. Үнэхээр л нүд баясгаж, гайхшрал төрүүлэм үзэсгэлэнтэй сайхан байгалийг тэнд л үзсэн дээ. Бас хилийн манаанд явж байхдаа багагүй адал явдалтай учирсан. Удахгүй нэвтрүүлэг цацагдахаар үзэх байх. Түүнээс гадна нэвтрүүлгийн зураг авалт хийгдэж байх хооронд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ямар их боломж байгааг ч анзаарч харсан. Шуудхан хэлэхэд манай төрийнхөн хил орчмын аялал жуулчлалаа зөв хөгжүүлэх ямар их боломж байгааг өөрсдийн нүдээр очиж хараад ирсэн. Бидэнд үнэхээр их боломж байна. Энэ талаар бодож төлөвлөж ирсэн зүйл ч их байгаа. Сайн төлөвлөж байгаад бодитой ажил хэрэг болгоно доо.
-Эмэгтэй хүний хувьд морь унана гэдэг хэцүү байсан байх? Таны хувьд энэ давааг хэрхэн давав ?
-Би Ховд аймагт төрж өссөн. Ер нь морь маланд ойрхон учир морь унаж чаддаг байсан маань их давуу тал болсон. Хамт явсан офицерууд эмэгтэй хүн морийг яаж ингэж унаж чаддаг байна аа гэж их гайхаж байсан. Уул хад, огцом өгсүүр, уруу, намаг, ширүүн урсгалтай гол гээд туулах зам бартаатай ч бусдадаа хүндрэл учруулж, чирэгдэл болохгүй зэрэгцээд явсан. Бас жаахан эгц тал газар тааралдвал өмнө нь гараад салхи татуулан давхичихна. Хилчдийн морь гэдэг үнэхээр л хамгийн сайн анд нөхөр, итгэл найдвар байдаг юм билээ.
-Нэвтрүүлэг нь хэзээ гарах вэ?
-Ирэх наймдугаар сарын сүүлээр анхны дугаараа цацахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд “Ковид 19” цар тахлаас шалтгаалаад тавдугаар сард цэрэг татлага явагдаагүй. Ирэх аравдугаар сард шинэ цэргүүдийг татах байх. Тэр үеэр залуучууд манай нэвтрүүлгийг үзээд цэргийн алба хаах, тэр дундаа хилийн цэргийн албыг хаах сонирхол бахархал нь нэмэгдээсэй гэж хүсэж нэвтрүүлэг цацагдах хугацааг товлосон.
-Check.mn сайт медиа агентлаг болж өргөжөөд удаагүй байна. Агентлаг болж өргөжөөд хэрэгжүүлж байгаа эхний том төслүүдийн нэг нь байх ?
-Тийм ээ. Манай сайт медиа агентлаг болж өргөжөөд удаагүй байна. Хэдий богино хугацаа өнгөрч байгаа ч хэд хэдэн том ажлын ард гараад байна. Тухайлбал цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн хүндэтгэлийн теле концертийг бид бие дааж хийсэн. Үүний дараа Хил хамгаалах ерөнхий газартай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Манай агентлаг мэдээллийн сайтаараа мэдээлэл бэлтгэж дамжуулахаас гадна, соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтггэж гэгээлэг сайхан контентуудыг үйлдвэрлэн олны хүртээл болгож ажиллахыг зорьж байгаа. Цаашдаа хийхээр төлөвлөсөн олон сайхан контентууд байна. Бүгдийг нь ажил хэрэг болгохоор хичээх болно.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье
– Баярлалаа