БНХАУ 1988 оны 10 дугаар сард анхны хурдны замаа ашиглалтад оруулж байв. Тэр цагаас хойш тус улс нийтдээ 160 мянга гаруй километр хурдны зам тавьж, хурдны замаар өдгөө дэлхийд тэргүүлж байна.
Гэхдээ БНХАУ-д яагаад ийм олон хурдны зам хэрэгтэй гэж?
“Баяжихын тулд эхлээд зам тавих хэрэгтэй” гэсэн хятад үг байдаг. Энгийн засмал замтай харьцуулахад хурдны замын үр ашиг харьцангуй өндөр. Тухайлбал, хурдны зам нь нэг газраас нөгөөд зорчиход зарцуулах цаг хугацааг ихээхэн хэмнэж, хүний урсгал, хөрөнгө мөнгө, мэдээлэл болон мэдлэгийг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжил болоод хотжилтыг дэмжих чухал хүчин зүйл болдог.
Хятадын хамгийн их хөл хөдөлгөөнтэй хурдны замууд нь тус улсын хамгийн баян чинээлэг газруудын ойролцоо байна. Бээжин, Шанхай болон Гуанжоу гэсэн гурван том хот нь тус улсын бусад хот суурингуудаас илүү олон хурдны замтай.
БНХАУ-ын Тээврийн яамны мэдэгдсэнээр, одоогийн байдлаар тус улсын 200 мянгаас дээш хүн ам бүхий хот суурин газруудын 98.6 хувь нь хурдны замын сүлжээнд холбогдоод байна.
Тус улсын хурдны зам тавих хүчин чармайлт үүгээр ч зогсохгүй бөгөөд 100 мянгаас дээш хүн ам бүхий бүх хот, суурин газраа 2035 он гэхэд хурдны замд холбохоор зорьж байгаа аж.
БНХАУ-ын анхны хурдны зам
Шанхай-Зядины хурдны зам нь Шанхай хотын төвийг тус хотын Зядин дүүрэгтэй холбодог бөгөөд нийт урт нь 15.9 км юм.
Энэхүү хурдны зам нь тус улсын бусад хотод хурдны зам тавих хөшүүрэг болсон байна.
Хамгийн их хөл хөдөлгөөнтэй хурдны зам
Бээжин-Хонконг-Макаогийн хурдны зам нь Хятад улсын нийслэлээс эхэлж, тус улсын засаг захиргааны онцгой бүсүүд болох Хонконг болон Макаогийн нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд энэ замын нийт урт нь 2285 км.
“Алтан суваг” гэгддэг энэхүү хурдны зам нь Хятадын эдийн засгийн өндөр хөгжилтэй бүс нутгуудыг холбодог, хойноос урагш чиглэсэн, хамгийн их хөл хөдөлгөөнтэй хурдны зам юм.
Хамгийн урт хурдны зам
Ляньюньган-Хоргосын хурдны зам нь 2014 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад оржээ. Энэхүү хурдны зам нь Хятадын зүүн нутгийн Зянсу мужаас баруун хилийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах орон хүртэл 4395 км үргэлжилдэг.
Энэ нь “БНХАУ-ын хамгийн урт хурдны зам” бөгөөд тус улсын “Бүс ба Зам” санаачилгын хүрээн дэх чухал замуудын нэг юм.
Энэхүү хурдны замын ачаар, Зянсу мужийн Ляньюньган хотоос хөдөлсөн ачаа тээврийн галт тэрэг тал хээр, уул нурууд, говь цөлийг гатлан ердөө 10-хан хоногт Европт хүрч байна. Харин тус хотоос далай тэнгисээр Европт хүрэхэд 45 хоног зарцуулдаг ажээ.
Говь цөл дамнасан хамгийн урт хурдны зам
Бээжин-Өрөмч чиглэлийн хурдны замын нийт урт нь 2540 км бөгөөд энэ зам нь тус улсын таван муж, өөртөө засах орнуудын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг байна. Энэ нь Хятадын өмнөд нутгийн боомт хот Тяньжиниас баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын ӨЗО-ы Хоргос боомт хот хүрэх хамгийн хурдан, дөт зам аж.
Бээжин-Өрөмчийн хурдны замын 930 км нь Өвөр Монголын ӨЗО-ы нутаг дэвсгэрийн говь цөлөөр дайрдаг бөгөөд ингэснээр уг зам нь говь цөлөөр дайрдаг дэлхийн хамгийн урт хурдны зам болжээ.
Хамгийн их бэрхшээлийг даван туулж тавьсан хурдны зам
Шанхай-Чунцин чиглэлийн хурдны зам нь 1768 км урт бөгөөд 2010 онд ашиглалтад оржээ. Энэ нь Хөх мөрнийг дамнуулан тавьсан Хятадын анхны хурдны зам аж. Уг хурдны замын Хөх мөрөн дээгүүр тавьсан хэсгийн дундаж өндөр нь 1100 метр аж. Тус улсын мэргэжилтнүүдийн хэлснээр, геологийн адармаатай нөхцөл байдал их тулгарч байсан учир энэ хурдны замыг тавихад хамгийн хэцүү байжээ.
Шанхай-Чунцины хурдны зам ашиглалтад орсноор Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотоос зүүн эргийн Шанхай хотод халуун тогооны гол орцуудыг ердөө 17-хон цагийн дотор хүргэдэг болжээ. Өмнө нь энэ хоёрын хооронд бараа тээвэрлэхэд 3 хоног болдог байсан байна.
Хамгийн нэр хүндтэй хурдны зам
Зин-У-Хуаны хурдны замын нийт урт нь 152 орчим км. “Y” хэлбэрийн энэ хурдны зам нь Хятад улсын зүүн нутгийн Зяньси, Аньхуй болон Жэзян гэсэн гурван мужийг холбодог байна.
Тийм урт биш хэдий ч энэ хурдны зам дагуу байгалийн үзэсгэлэнт газрууд болон соёлын үнэт зүйлс элбэг байдаг ажээ.
Инженерүүд уг хурдны замыг тавихдаа эртний тосгод, гол нуур, ховор шувуудын амьдрах орчин болон хэдэн зууны настай гаврын моддын алийг нь ч гэмтээгээгүй байна. Үүнийх нь төлөө замыг тавьсан хүмүүст тус улсын инженерчлэлийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал “Жан Тяньюйгийн шагнал”-ыг хүртээсэн байна.
Бичсэн: Г.Солонго