Монголд сайжруулсан шахмал түлшний 25 килограммын шуудайг үйлдвэрлэдэггүй байснаас үүдэн шуудайны хомсдол үүссэн. Харин үндэсний үйлдвэрлэгч “Grand lucky” компани “Тавантолгой” компанитай хамтран ажиллахаар болж эхний ээлжид 2 сая ширхэг шуудайг Тавантолгой компанид нийлүүлэхээр болжээ.
Энэ талаар тус компаний захирал Б.Билгүүн: “Манайх 100 хувь үндэсний үйлдвэрлэгч компани. Тавантолгой ХХК-нд дөрвөн сая ширхэг уут нийлүүлэх боломжтой саналаа хүргүүлсэн боловч, тус компаний зүгээс эхний ээлжинд хоёр сая ширхэг нүүрсний уутын нөөцийн сандаа авахаар боллоо. Судалгаанаас харахад, Тавантолгой ХХК-ны үйлдвэрлэдэг шахмал түлшний энэ жилийн хэрэгцээнд 10 сая ширхэг уут хэрэгтэй байгаа юм билээ.
Манайх технолгийн хувьд шинэлэг, сүүлийн үеийнх бөгөөд минут тутамд 40 ширхэгийг үйлдвэрлэдэг учраас тус компанийн хэрэгцээг уг нь бүрэн хангах боломжтой. Ямартаа ч эхний ээлжинд 2 сая ширхэгийг нийлүүлэхээр боллоо. Өмнөх шахмал түлшний улаан уутыг Хятадаас оруулж ирдэг байсан.
Энэ уутыг дахин ашиглах боломжгүй. Харин манай үйлдвэрлэсэн шахмал түлшний цагаан уутыг дахин боловсруулах технологиор хийж байгаа тул буцаан иргэдээс худалдан авна гэсэн үг юм. Ингэснээр бид байгаль орчныг хамгаалахаас гадна, иргэдийг орлоготой болох боломжтой. Иргэд шахмал түлшнийхээ уутыг бидэнд буцаан тушаах юм. Бид тус цагаан уутыг дахин боловсруулж, дараагийн удаагийн шахмал түлшний хэрэгцээг хангах гэх мэт зарчмаар ажиллахаар болсон” гэх мэдээллийг өглөө.