Нүүр хуудасМэдээЗалуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нээгдлээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нээгдлээ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгуулж, нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах юм. Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтад хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой. Шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар төслийн хүрээнд тус Загвар төвийг 21 аймаг, 8 дүүрэгт тус тус байгуулж, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэл, болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН