Нүүр хуудасНийтлэлӨр зээлээ төл, авлигаа илчил, буруугаа хүлээ. Албан тушаалаасаа огцор

Өр зээлээ төл, авлигаа илчил, буруугаа хүлээ. Албан тушаалаасаа огцор

ЖДҮХС-аас эхлээд Хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгай зэрэг эрх мэдэлтнүүдийн хулгай, луйвар хэрээс хэтэрлээ. Гагцхүү үүнийг илрүүлэн, тэмцэж буй нь олзуурхууштай юм.

Хөгжлийн банкны сонсголоор албан тушаалтан, эрх мэдэлтнүүд тэрбум тэрбумаар нь хэрхэн зээл авдаг, авсан зээлээ хэрхэн төлөхгүй байх арга саам хийдэг, зориулалтын бусаар хэрхэн ашигладаг зэрэг хууль бус үйлдлүүдийг сонсч байна.

Эрх мэдэлд хүрсэн албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий компаниудаа төрийн мөнгөөр угжиж, хулгай дээрэм хийж байхад улс орон яаж хөгжих вэ?

Хүнд өвчин тусаж, гадаад оронд хэдэн зуун саяар эмчлүүлэх гэсэн хандивын гуйлга өдөр алгасахгүй хөвөрч, утаа тоосонд багтарч, хатгаа туссан бяцхан иргэд нь уйлж, өр зээлээс өөрийг бодох амьдралын баяр баясгалангүй залуус нь бухимдсан улс орон боллоо.

Өнгөрсөн 30 жилийн алдааг өнөөдөр засах ёстой гэж дээр дооргүй чангаар ярьж байна. Шинэ 30 жилийг хэрхэн тодорхойлох нь энэ цаг үеийн эрхэм үүрэг хэмээж байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны энэхүү сонсгол нь дараагийн 30 жилийг хэрхэн тодорхойлох эрхэм үүргийг гүйцэтгэж буйн эхлэл хэмээн онцлоё.

Цаашид эрх мэдлээр далайлган  зээл нэрээр их хэмжээний мөнгө  авдаг дээрэм төгсгөл болох магадлал өндөр боллоо.  Өөрөөр хэлбэл, хулгай хийж, хуурамч баталгаа гаргаж зээл авсан, зээлээ төлөөгүй албан тушаалтан, эрх мэдэлтнүүд гэм ялаа үүрэх цагт шударга ёсны хонгилын үзүүрт гэгээ татаж магад.

Хонгилын үзүүрт гэгээ татуулахад хууль тогтоох дээд байгууллага УИХ хамгийн чухал үүрэгтэй. Тэр тусмаа  УИХ-ын дарга Г.Занданшатарын эр зориг, эх оронч сэтгэл, шударга ёсны тэмцэлд  үг, үйлдлээ зөрүүлэхгүй байх эсэхээс олон асуудал шийдэгдэнэ. Тэрбээр УИХ-ын Хянан шалгах түр хороо нүүрсний хулгайтай холбоотой хүмүүсийг оролцуулсан дараагийн  сонсголыг зохион байгуулна гэж хэлсэн.

Уг нь Г.Занданшатар  УИХ-ын дарга болсон цагаасаа ард түмний засаглах эрхийг хангах, УИХ-ын Хяналт шалгалтын хуулийг батлан хэрэгжүүлэх, хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэх, хүний эрхийг хангах зэрэгт  эрх зүйн өөрчлөлтүүдийг санаачлан хийж байна.

Тухайлбал, хилийн боомтуудын асуудал буюу нүүрсний хулгай, эмийн хяналт, Хөгжлийн банк зэрэг өнөөдрийн сенсаци болж буй асуудлуудаар өнгөрсөн оны хавраас хойш УИХ-ын Хянан шалгах түр хороог хуулийг дагуу  байгуулан ажиллуулсан.

Оны өмнөхөн авлига хээл, хахууль авсан нь тогтоогдсон хэнд ч болов үл ялган  хатуу шийтгэл ногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт орууллаа.

Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн халдашгүй дархан  эрхээр гэдгээр халхавчлан ялаас мултрах боломжийг хаасан. Өөрөөр хэлбэл, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болохгүй. Мөн авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал  гэж байхгүй. Хялбаршуулан шийтгэл ногдуулахгүйгээр  ялын бодлого чангарч, хөрөнгийг хурааж улсын орлого болгох хатуу заалтуудыг оруулсан.

Эрүүгийн хуулийн өөрчлөлт дээр нь нэмээд УИХ-ын Хянан шалгах Түр хорооны сонсгол нь хууль бус үйлдэл хийсэн олон хүнийг айдас түгшүүрт автуулж, алдаагаа засах боломжийг олгож байгаа биз. Өр зээлээ төл, авлигаа илчил, буруугаа хүлээ. Албан тушаалаасаа огцор. Эрх мэдлээрээ далимдуулан төрд оруулсан ах дүү, амраг садангаа зайлуул. Энэ бол нийгмийн шударга ёсны хүсэмжлэл юм.

УИХ энэ онд эрс өөрчлөлт хийж, эх орноо аврах эрх зүйн шинэтгэлийг эхлүүлэх зорилтыг тавьж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатараар удирдуулсан энэ удаагийн парламент энэ зорилтдоо хүрэх дараагийн нүүдэл юу болохыг харж л байя.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН