Нүүр хуудасНийтлэл“INVEST GOBI 2023” ба шийдвэр гаргалтын хямралын жишээнүүд. . .

“INVEST GOBI 2023” ба шийдвэр гаргалтын хямралын жишээнүүд. . .

Монголын хамгийн том төсөвтэй аймгийн хөрөнгө оруулалтын #invest_gobi2023 чуулган болж байна. Сэтгүүлч хүнд бол том агуулгатай, тоймлох сэдэв ихтэй, богц дүүрэх мэдлэг мэдээлэлтэй чуулган болж байна. Монголын том төслүүд хэрэгждэг, худалдан авах чадвар өндөртэй хүн амын төвлөрөл бий болсон, улсын төсөв, улс орны эдийн засагт айлын том ахын үүрэг гүйцэтгэж байгаа гээд тасралтгүй өсөлт, макро таатай орчныг илтгэх мэдээллүүдээр үнэхээр бялхаж сууна.

Гэхдээ өглөөнөөс хойш энэ олон мэдээллийг сонсож тунгааж суухад бодлын гүнээс цухалзаад байгаа таагүй мэдрэмжийн учрыг энд сийрүүлсүү.

Өмнөговь аймагт яаралтай хөрөнгө оруулалт хүлээж буй 5 төсөл байна.

“Өмнөговь аймагт хөрөнгө оруулах нь” гэсэн үндсэн хэлэлцүүлгийн үеэр энэ 5 төслийн аль нь илүү ач холбогдолтой вэ гэдгийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗГХЭГ-ын ахлах референт Х.Энхсайхан, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэрэнбат нар дараах байдлаар эрэмбэлэв.

1. Дулааны станц

2. Усны төсөл

3. Гурвансайхан олон улсын нисэх онгоцны буудал

4. Хүний нөөц

5. Автозам

ДУЛААНЫ СТАНЦ: Даланзадгад хот өнөө өвөл яг л УБ хот шиг хөлдөх үү, үгүй юу гэдэгтээ тулаад байгаа аж. Даланзадгадын дулааны станцад өргөтгөл барих, эсвэл шинээр дахин станц барих асуудал өнөөг хүртэл шийдвэр гаргах дээд түвшиндээ шийдэгдээгүй.

Оронд нь Тавантолгойн цахилгаан станцыг голдоо тавьж байгаад тойрч суугаад олон жил хэрэглдсэн. Тэр хооронд Даланзадгадын дулааны станцын ачаалал нэмэгдэж, орон нутгийн хөрөнгөөр аргацааж явсаар байгаа. Энэ өвөл ч бас аргацаах байх. Уг нь орон нутгийн удирдлага 50 МВт-ын дулааны станцын ТЭЗҮ боловсруулан Засгийн газар руу өгсөн. Гэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ станцыг барина гэж байхгүй бололтой.

Уул уурхайн мөнгөний урсгалыг дагаж ирсэн компаниуд, шилжин ирж буй иргэдийн урсгал нэмэгдсээр байгаа. Дулааны станцаа өргөтгөх үү, шинэчлэх үү, эсвэл эрчим хүчний тархмал эх үүсвэрийн эрэлд гарах уу гэдэг нь хамгийн тулгамдсан асуудал болж байна.

УСНЫ ТӨСЛҮҮД: Засгийн газар говийн аймгуудыг аж үйлдвэрийн бүс болгох бодлого барьж байгаа. Нүүрс угаах, газрын тос боловсруулах, төмөр зам гээд аж үйлдвэрийн том төслүүдийг явуулж буй. Гэхдээ 5 жилийн дараа боловсруулах үйлдвэр байтугай уурхай ч ажиллах боломжгүй болох мессежийг өгч байна. 2019 оноос хойш Өмнөговь аймгийн усны хэрэглээнд төмөр замын барилгын ажил, хүн амын төвлөрөл дагасан хот суурингийн усан хангамжийн хэрэглээ огцом нэмэгдсэн. Говь руу гадаргын ус татах төслүүд хэзээ хэрэгжих юм бол доо. Орхон говь, Хэрлэн говь, Хөх морь гээд л усны төслүүд яг л усанд хаясан чулуу шиг алга болчих юм.

ГУРВАНСАЙХАН НИСЭХ БУУДЛЫГ олон улсын зэрэглэлтэй болгох төсөл: Гадаадын 3 жуулчин тутмын 2 нь Өмнөговийг зорчих юм уу дамжин өнгөрдөг аж. Хонгорын элс, Хэрмэн цав, Баянзаг, Ёлын амыг зорьж ирдэг. Тиймээс ч Өмнөговь аймаг бол Хөвсгөл, Орхоны хөндий шиг гадаадын аялагчдын маршрутын тулгын 3 чулууны нэг гэсэн үг. ДНБ-ийх нь 60 орчим хувь уул уурхайгаас хамааралтай байдаг Өмнөговийн хувьд аялал жуулчлалын энэ нөөцөө ашиглах нь эдийн засгаа солонгоруулах том боломж. Үүний тулд Даланзадгад дахь Гурвансайхан нисэх онгоцны буудлыг шинэчилж, олон улсын зэрэглэлтэй болгохоор ТЭЗҮ-г нь бэлэн болгоод байгаа аж. Одоогоор тус нисэх буудлыг Оюутолгой идэвхтэй ашиглаж байгаа. Expat-уудаас гадна жуулчид шууд ийшээ нисэж ирэх боломж уг нь асар их. Гэсэн ч улсын төсөвт Өмнөговь аймагт зориулсан хөрөнгө оруулалт гэж бараг тавьдаггүй юм билээ дээ. Тусгай зориулалтын шилжүүлгээс өөр мөнгө улсын төсвөөс орж ирдэггүй онцлогтой.

ХҮНИЙ НӨӨЦ: Өмнөговь аймаг уул уурхайгаас олж буй орлогынхоо дийлэнхийг дэд бүтэц, амьдрах орчны нөхцлийг сайжруулахад зарцуулж байгаа. Аргагүй байх. Орон нутгийн хөгжил, амьдрах орчны стандарт гэдэг зүйл өнгөрсөн 30 жилд хэрэг зэрэг орхигдсоныг 90-100 жилийн ойгоо тэмдэглэж буй аймгуудын жишээнээс харагддаг. 100 жилийн хөгжил ярьж байж модон жорлонтойгоо байна гэж шоолдог. Харин Өмнөговийн хувьд сүүлийн 5-6 жилд эрчимтэй хөгжиж байгаа. Ямар ч байсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагууд нь модон жорлонгоосоо салсан анхны аймаг. Дэд бүтцэд цутгаж буй энэ хөрөнгө оруулалтын дараагийн бай нь хувь хүний чадвар, хүний нөөц болох төлөвтэй. Тухайлбал, Даланзадгадад ШУТИС-ын харъяа Политехникийн коллеж ашиглалтад ороод удаагүй байгаа бол “Говийн оюу хөгжил сан” дараагийн дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө хүний хөгжлийн чиглэлийг барихаар төлөвлөж байгаа аж.

Гэхдээ залуу монгол хүн бүр эрүүл мэнд, хүүхдийнхээ боловсрол, амьжиргаагаа бодоод эх орноосоо дүрвэж байгаа энэ цаг үед хүний нөөцөө барина гэдэг асар том сорилт болж байна. Засгийн газрын “Хот, хөдөөгийн сэргэлт” гэсэн сүржин нэртэй бодлого яг үнэндээ хамгийн хурдацтай хөгжиж байгаа Өмнөговь аймагт ч хэрэгжилт нь даржин байгааг харж болно. 2022 онд энх орноосоо дайжсан монголчуудын тоо урьд өмнөх жилүүдээс үлэмж нэмэгдсэнийг дээдчүүд анзаарадаггүй л байх даа.

ЗАМ: Цаг хугацаа, ач холбогдлынхоо эрэмбээр 5 дугаарт байгаа замын бүтээн байгуулалт бол дээрх 4 төслийг бодвол ямар ч байсан удаан боловч урагшилж байгаа ажил. Гэхдээ орон нутаг өөрийнхөө хөрөнгө оруулалтаар урагшлуулж байгаа. Аймгийн төвийг Гурвантэс сумтай холбох замыг 2012 оноос хойш жилд 30-40 км-ээр урагшлуулсаар 144 км-ийг хатуу хучилттай болгоод байгаа. Хатуу хучилттай болгох зай дахиад бараг 100 гаруй км байгаа. Уг нь Ерөнхий сайд 2 жилийн өмнө ирэхдээ 80км-ийг нь улсын төсвөөр хийж өгнө ам гарсан ч одоо болтол төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суугаагүй л байна. Энэ замаар баруун сумын буюу Нарийн сухайтын бүлэг ордын бүх уурхайн ханган нийлүүлэлтийн тээвэр явдаг. Оюутолгой, Энержи ресурс, Эрдэнэс тавантолгойгоос өмнө энд уурхайн үйл ажиллагаа явж эхэлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос, Саус гоби сэндс, Монголын алт МАК компанийн улсын төсөвт төлсөн татвар 1.5 их наяд төгрөг давчихсан. Татвараар дамжиж орсон нүүрсний татвар гурван тэсийнхэнд огт хуваарилагддаггүй байсаар дуусах бололтой.

ЭЦЭСТ НЬ, Өмнөговьд хамгийн ач холбогдолтой 5 төслөөс ганц нь л урагшилж байна. Орон нутгийн удирдлагаас өөрийнхөөө хэмжээнд хийж байгаа нь энэ. Бусад нь орон нутгийн эрх мэдлээс давчихсан, дээд түвшний шийдвэр гаргалт, хамтын ойлголцлыг хүлээгээд гацчихаж. Энэ бол дээд түвшинд бид СЭТГЭЛТГҮЙ, ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАРГҮЙ хүмүүсээр дүүрсний илрэл.

Шинэ сэргэлт, Алсын хараа гэх мэт бодлогууд эрх баригчдын идэж уух, татвар төлөгчдийн мөнгийг үрэх гоё нэртэй МОЛИГО. Түүнээс биш төвлөрлийг задалж, хөдөөг хөгжүүлэх бодит боломж маш хязгаарлагдмал байна.

З.ЦЭЛМЭГ Эдийн засгийн сэтгүүлч

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН