Намрын налгар сайхан өдрүүд үргэлжилсээр… Энэ өдрүүдэд МУБИС-ийн гаднах оюутнуудын хөл хөдөлгөөн үл тасарна. Өдрийн их үдийн алдад хичээлдээ яарч буй, хичээлээсээ тараад явж буй, найз нөхөдтэйгөө хичээлээ ярьж алхах оюутнууд зөрөн өнгөрөх энэ зам чөлөө үгүй. Замын хажууд дөрвөн ширээ нийлүүлээд, цагаан бүтээлэг дэвсчихсэн дээр нь ууттай чихрүүд өрөөстэй харагдана. Иштэй чихэр, ууттай чихрүүд, жижигхэн аяган бялуунууд ширээ дүүрэн олон өнгөөр алаглана. Тэр хавиар явах хэний ч нүдэнд өртөхөөр тийм л өнгөлөг. Сэтгүүлч мэргэжилтэй би ч зүгээр өнгөрч чадсангүй, сониучлан сонирхон очлоо.
Тэр өнгө алагласан чихрүүдийг хийгээд, өөрөө түмний дунд худалдан зогсох эрийг Батсайхан гэдэг юм байна. Тэгээд цөөн хором ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Мандын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн сайн байна уу? Намайг Батсайхан гэдэг. Би ферминаторч мэргэжилтэй. Хан-Уул дүүрэгт амьдардаг. 60 настай хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг хүн байна.
Эм үйлдвэрлэгчээс чихэр үйлдвэрлэгч…
Ферминаторч гэж ямар мэргэжил билээ?
Эм найруулдаг мэргэжил гэж хэлж болно. 1990 он хүртэл Монголд байсан гэх үү дээ. Тэрнээс хойш байхаа больчихсон. Миний хувьд гэвэл анх Унгарын мэргэжилтнүүдийг дагаж ажиллаад сурсан юм. Таван жилийн хугацаанд ажилласан. Тухайн үедээ Окситерциллин гэх эмийг гарган авч байлаа. Надтай ижил мэргэжилтэй тоотой хэдэн хүн л үлдсэн байна даа. Дараа нь олон төрлийн ажил хийж явлаа. Ганзагын наймаа я хийж, цайны газар ч ажиллуулж байлаа. Энэ мэтчилэн олон төрлийн ажил хувиараа хийж байсан. Одоо бол чихрийн бизнес хийгээд 2 жил болж байна.
Кааштай чихэр гэсэн үү дээ
Та худалдаалж буй чихрийнхээ талаар жаахан ярихгүй юу?
Эдгээр чихэрнүүд нь хүүхдийн будаан зөөлөн чихэр, жигнэмэгүүд. Элдэв химийн бодис, нэмэлт будаг оруулалтгүй цэвэр бүтээгдэхүүнүүд юм. Чихэр маань “Сиси”, жигнэмэг маань “Симо” гэсэн нэртэй. Орц нь гэвэл хүүхдийн будаа буюу бидний мэдэхээр кааш. Нэмэлтээр кокос, чацаргана, самар, аарц, шоколад хийдэг. Одоогоор 10 гаруй төрлийн чихэр зарж байна.
Миний хувьд бараг гэр бүлийн бизнес юм даа…
Энэ чихэрнүүдээ та өөрөө үйлдвэрлэж байна уу?
Хоёр жилийн өмнөөс эхнэртэйгээ хамт хийж эхэлсэн. Миний хувьд бараг гэр бүлийн бизнес юм даа (Инээв). Миний эхнэрийг Т.Нэргүй гэдэг. Манай хүн онгоцны үйлчлэгч мэргэжилтэй ч мэргэжлээрээ ажиллаагүй надтай адил хувиараа бизнес хийдэг байсан. Дараагаар нь хамт Солонгос яваад тэндээ 11 жил амьдарсан. Тэгээд Монголдоо ирээд эхнэр бид хоёр анх хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулъя гэж бодоод ресторан ажилуулж үзсэн. Харамсалтай нь Covid19-ын үед дампуурсан. Тэгээд өөр юу хийж болох вэ? Ямар бизнес байвал гэж их бодсоны эцэст чихэр хийж зарах шийдэлд хүрч энэ бизнесээ эхлүүлсэн юм. Одоогоор манай цех зайсанд ХААИС-ийн хажууд байдаг. Бид хоёроос гадна дахиад хоёр хүний бүрэлдэхүүнтэй дөрвүүлээ жижиг цехдээ үйлдвэрлэлээ эрхэлж байна даа. Нөгөө хоёр маань 40 орчим насны. Манай эхнэрийг дагаад суралцаж яваа юм. Ажлын зар тавьж ажилд авч байсан. Зайсанд байдаг цехдээ чихрээ хийгээд МУБИС-ийн энд авчирч зардаг болоод удаж байна…
Солонгос амтыг монголдоо мэдрэе
Гэхдээ яагаад заавал чихэр гэж?
Солонгост амьдарч байхад эхнэр маань хүүхдийн хоолны газар амттан хийдэг байсан. Тэнд байхдаа хийх аргыг нь сураад ирсэн гэж хэлж болно. Монголд хүүхдийн будаагаар хийдэг цор ганц чихэр манай Симо, Сиси шүү дээ.
Та эндээ өдөр бүр ирж худалдаалдаг уу? Худалдан авагч хэр болсон бэ? Бас үнийн хувьд. . .
Ах нь жилийн гурван улирал болох өвөл, хавар, намартаа энэ МУБИС-ийн урд, харин зундаа Улсын их дэлгүүрийн гадаа самар гүзээлзгэнэ зардаг хүмүүстэй хамт зардаг. Оюутнуудын амралт эхлэхээр Их дэлгүүр лүү явдаг гэж хэлж болно. Энэ хавийн хүүхэд, оюутнууд их авдаг. Манай чихэрнүүд 1500-9000 төгрөгийн хооронд зарагддаг. Өглөөдөө 10, 11 цагийн үед ирээд орой чихрээ дуустал эсвэл 19, 20 цаг хүртэл байдаг. 700-800 ширхэгийг авчрахад оройдоо зарагдаад дуусдаг. Хийж амжихгүй үедээ 1-2 өдөр өнжөөд ирдэг. Цехдээ хоёр өдөр шахуу чихрээ хийгээд эндээ авчирдаг. Бид дөрөв дөрвүүлээ хийдэг.
Түүхий эд, материалаа хэрхэн сонгож байна. Чихрээ борлуулаад ашиг нь хангалттай байж чадаж байгаа юу?
Чихрийн орцоо аль болох Орос түүхий эдээр сонгохыг хичээдэг. Орос хүүхдийн будаа, какао авна. Сайн чанарын материалыг шилж сонгохгүй бол амт нь болж өгдөггүй шүү дээ. Шоколадаа гаргаж авахын тулд эхлээд какао, сүү хоёроо холихоос эхлээд, хүүхдийн будаагаа яаж найруулж хийх вэ? гээд ажиллагаа ихтэй. Чихрээ зарсан орлогоороо түүхий эд, материалаа аваад, хүмүүсээ цалинжуулаад, өөрсдөдөө ч багахан ашиг гаргаж, мөнгөө эргэлтэнд оруулаад явж байна. . .
Үйлдвэрлэж байгаа чихэрнүүдээсээ онцлох чихэр бий юу?
Энэ ууттай бор чихэр. Японы нано чихэр гэдэг. Онцлог нь шоколад сүү хоёрыг нийлүүлж хийсэн цэвэр шоколад. Хүмүүс цэвэр шоколад гэхээр хар шоколадтай андуураад байдаг. Тийм биш шүү.
Цаашдаа бизнесээ өргөжүүлэх бодол мэдээж байгаа даа…
Ирэх хавраас байраа томруулъя гэсэн бодол байгаа. Байр маань жижигхэн. Илүү хүн авч ажиллуулъя гэсэн ч байрны асуудалтай тул одоогоор дөрвүүлээ үйлдвэрлээд л байж байна.
Сэтгүүлч надад өөрийн цаг заваа зориулж ажлынхаа хажуугаар ярилцсан танд баярлалаа.
Зүгээр ээ надад ч ярилцахад сайхан байлаа.
Намрын налгар дулаахан өдөр нүдэнд дулаахан, дотно сайхан мэдрэмж төрүүлсэн сайхан хүнтэй учирч ярилцлаа. Амттай сайхан харагдсан олон чихэр байдаг ч зөв, биенд сайн чихэр сонгож хэрэглэх нь хэрэглэгчийн сонголт байдаг шүү.
Нийтлэлч: К