Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
Г.Нороврагчаа: Түүхэнд ч цагаан сүлдийг оруулсан намайг дурдахгүй, бичихгүй байгаа нь жаахан гомдолтой санагддаг
1989 оны өвөл Сэлэнгэ аймгийн Урчуудын эвлэлийн салбарын эрхлэгчээр ажиллаж байх үед Улаанбаатарт жалсаал цуглаан болж байна гэдгийг сонсоод сонирхож оролцсон юм. Тэгээд Сэлэнгэ аймагтаа эргэж ирээд Улаанбаатар хотод болж байгаа жагсаал бидний төлөө юм байна. Бид тэдгээр жагсагчдын үзэл бодлыг дэмжих хэрэгтэй гэж үзэн хэсэг нөхдийн хамт МоАХ-г Сэлэнгэ аймагтаа байгуулан ерөнхий зохицуулагчаар нь ажиллаж эхлэв. Ингээд 1990 онд бидний үг төрд хүрч АИХ-ын 289-р тойргоос нэр дэвшин сонгогдож АИХ-ын депутат болов. Тэр үеийн бидэнд ер нь нэг сайн Үндсэн хууль батлах гэсэн чин хүсэл байснаас биш, өөрийгөө өргөх, тодорч харагдах, ашиг хайх гэсэн ямар ч бодол байсангүй.
Миний хувьд 430 депутатын нэг нь болж тэр дундаа бүр ганцхан зураач депутат болсондоо их баяртай байлаа. Ингээд Үндсэн хуулийн дэд хорооны дэргэд 12 хүнтэй Төрийн сүлд билэгдлийн ажлын хэсэг байгуулж, даргаар нь би, орлогчоор нь УБХ-ын гишүүн Зуунай сонгогдож ажиллалаа.
Би түүх их сонирхдог хүн л дээ. Тийм ч учраас Сэлэнгэ аймагтаа “буур хээрийн” талд нэг их том чулуун хөшөө босголцсон юм. Тэр хөшөөг босгож байх явцдаа цагаан сүлдний тухай нэлээн уншнж судалсан. Тийм болохоор би есөн хөлт цагаан сүлдийг ямар ч байсан хуульчилж байрлуулна гэсэн нэг бодолтой байлаа. Ингээд Ардчилсан Холбооны Дарь. Сүхбаатартай цагаан сүлднийхээ тухай ярьж байтал мань эр хоёулаа цуг явъя, чамайг нэг хүнтэй уулзуулъя гэлээ. Тэгээд цуг гараад Төв шуудангнйн урд талын дарга нарын цагаан байр гэж нэрлэгддэг цагаан байранд ирэв. Яваад орсон чннь өрвөгөр шар нөхөр Ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн байна. Тэр үед Гүрбазар энэ хүний тухай сенсаци тавиад удаагүй байсан цаг л даа. Ингээд нөгөө Дашцэрэнтэйгээ цагаан сүлдээ ярилаа. Тэгтэл нөгөөдөх маань нэг таван төргөрийн дэвтэр гаргаж ирээд архиваа үзэж байна.
Тэгээд та нарын тэр цагаан сүлд чинь хоёр талдаа иштэй, одоогийн энэ лоозон шиг юм байсан юм, та нар буруу ярьж байна гэдэг байна шүү. Би ч уншсан судалсандаа итгэлтэй байсан болохоор маргаад жаахан муудалцах маягийн юм болоод гарч билээ. Харин одоо болтол Их Хурал ч тэр түүхэнд ч тэр цагаан сүлдийг оруулсан намайг дурдахгүй, бичихгүй байгаа нь жаахан гомдолтой санагддаг. Бодвол би ажлын хэсгийн дарга байсан болохоор ажлын хэсгээс оруулсан санал гэж бодоод өнгөрсөн юм болов уу даа. Ямар ч байсан есөн хөлт цагаан сүлдийг санаачлан Үндсэн хуульд оруулсан хүн бол яах аргагүй би л байгаа юм. Яг үүнийг сайн мэдэх хүн нь Ардын уран зохиолч Сүрэнжав гуайн хүү Даваасүрэн юм. Их даруухан сайн залуу. Бид хоёр бусдаасаа арай дотно. Энэ дашрамд хэлэхэд Ардын Их Хуралд аав, хүү хоёр депутат байсан нь Сүрэнжав гуай Даваасүрэн хоёр юм.
С.Даваасүрэн: Аавынхаа хамт Үндсэн хуулиа батлалцах түүхэн ховор завшаан олдсонд их баярлаж бахархаж явдаг билээ
2012 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиох гэж байна. Энэ хуулийг батлалцахад оролцсоны хувьд тэр мөчөө эргэн дурсахад таатай байна. 1990 онд Монголын залуучуудын холбооноос АИХ-ын 295 дугаар тойрогт миний нэрийг дэвшүүлснээр Үндсэн хуулийг батлахад гар бие оролцох түүхэн завшаан надад олдсон билээ. Тэр үед би Сэлэнгэ аймгийн Дулаанханы Мод дамжуулах баазад гэр ахуйн модон эдлэлийн цехийн инженерээр ажиллаж байсан юм. Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутатуудаас хамгийн залуу нь би байсан бөгөөд бидний дунд ажил, амьдралын арвин туршлагатай ахмад, дунд үеийнхэн, өөрчлөлт шинэчлэлийг дэмжигч залуу үеийнхэн, үзэл бодлын зөрүүтэй өөр өөр намынхан бүгд байсан ч нэгэн зорилгын төлөө санаа бодлоо нэгтгэж чадсанаар ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж чадсан билээ.
Хууль хэлэлцэх эхний үед аж ахуйн ажилтан байсан бид хуулийн нэр томьёо, бүтцийг ойлгохгүй айх, үгийн утгыг бус агуулгыг, голчлон мэргэжлийн хуульчидтай маргалдах асуудал гарч байснаас цаг их алдах тал байсан юм. Гэвч хуралдааны явцад түргэн суралцан, хууль бүтээх үйлд дадлагажин, хуулийн нэг үгийн цаана ямар их утга агуулагддагийг ойлгох болсноор хэлэлцүүлэг шуурхай явдаг болсон юм.
Сэлэнгэ аймгаас сонгогдсон депутатууд хуралдаандаа идэвхтэй оролцон хуралдааны завсар чөлөөгөөр цугларан хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо солилцон санал зөрүүтэй нэг нь өөрийн үндэслэлээ тайлбарлан маргаан явуулах, сонгогчдоос ирсэн саналыг хэлэлцэн нэгтгэж хуульд тусгуулах замаар ард түмний төлөөллийн үүргээ хангалттай биелүүлж чадсан гэж үздэг. Манай аймгийн депутатууд маш олон санал гаргаж батлуулж чадаж байснаас зөвхөн нэгийг л дурдахад депутат Нороврагчаа Чингисийн цагаан сүлдийг төрийн их цагаан сүлд болгох санал гарган олонхын дэмжлэг авч батлуулж чадсаныг хэлэхэд одоо ч маш таатай санагддаг.
20 жилиин тэртээхийг эргэн дурсах энэ мөчид гурван сарын турш нэг өрөөнд ор зэрэгцэн байрлаж байсан үеийн нөхөр 294 дүгээр тойргийн депутат Баянхараатын сангийн аж ахуйн дарга асан Баярсайханаа дурсахгүй байхын аргагүй юм. МАХН-ын гишүүн, шинэлэг сэтгэлгээтэй энэ эдийн засагч залуу өөрийн намын төдийгүй ардчилсан нам, бие даагчдын бүлгийн хэнтэй ч болов харилцан ойлголцож саналаа солилцож чаддаг байсан тул манай өрөө зочин ихтэй байдаг байлаа. Хамгийн их үг хэлж хэлэмгий цол авсан депутат Бадарч (МАХН), Тангад (МСМН) гуай нар манай байнгын зочин маргалдагч нар байсан юм. Бид хоёр унтахын өмнө маргаашийн хэлэлцэх зүйлээр саналаа нэгтгэн хэн нь хэлэхээ тохирч авдаг байж билээ. Хэлэх зүйлээ ойлгомжтой хэлж чадсангүй гээд байрандаа ирээд муудалцах үе ч гардаг байв.
Газрын тухай хэлэлцэх үед Сэлэнгэ, Төв аймгаас сонгогдсон депутатууд саналаа нэгтгэн их л хүчтэй баг болж байж билээ. Учир нь суудал зэргэлдээ таарсан төдийгүй ажил, амьдралаа газартай холбосон сангийн аж ахуйн дарга, тариаланч нар олон байсан тул амархан ойлголцон саналаа нэгтгэн хуульд тусгуулж чадаж байв.
Ер нь манай улсын хөгжлийн өнөөгийн байдал, улс төрийн харьцангуй тогтвортой байдлын гол үндэс нь гурван сар гаруй өдөр шөнөгүй хуралдан оюунаа уралдуулсан 430 депутатын ажлын үр дүн гэж би үздэг.
Дашрамд хэлэхэд миний аав Ш.Сүрэнжав Улаанбаатар хотоос АИХ-ын депутатаар сонгогдсоноор аавынхаа хамт Үндсэн хуулиа батлалцах түүхэн ховор завшаан олдсонд их баярлаж, бахархаж явдаг билээ.
М.Жамсран: “Ард” гэдэг нэрээ “Үндсэн хууль” нэрээр наймаалцлаа
1.АИХ-ын 12 дахь удаагийн сонгууль монголын түүхэнд урьд өмнө байгаагүй, цаашдаа ч бараг тохиолдохооргүй өндөр ардчилалтай ард түмний, улс төрийн эрхээ жинхэнэ элэлж чадсан сонгууль байлаа. Тэд төрийн дээд эрх барих төлөөлөгчдөө нэрийг нь дэвшүүлж, сонгуульдаа 98 хувьтай оролцож саналаа өгсөн сонгогдогч нарын хуулийн мэдлэгийн түвшин адилгүй ч 90 хувь нь нэгээс хоёр дээд сургууль төгссөн боловсролтой, дийлэнх олонх нь ажил амьдралын туршлагатай ноён нуруутай хүмүүс байлаа. Тийм хүмүүс сонгогдсондоо л шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж чадсан байх.
Миний бие Орхонтуул сумын малчид, тариаланчдаас нэр дэвшүүлснийг баяртайгаар зөвшөөрч, хүлээн аваад анх удаа ичиж зоволгүйгээр гурвуулаа өрсөлдөж 93 хувьтайгаар АИХ-ын депутат болох эрхээ авсан юм.
2.Энэ удаагийн АИХ нь Их Эв-нэгдлийн үлгэр жишээ хурал байлаа. Үүнийхээ үр дүнд Улс төрийн шинэ тогтолцоог буй болгож, шинэ ардчилсан Үндсэн хууль бүтээлцэж, баталж чадсан юм. Энэ нь тулгарсан хурц асуудлуудаас зайлсхийгээд зүгээр л найрсгаар шийдээд байсан гэсэн үг биш. Хурлын зааланд хэн нь хэнийгээ вэ гэсэн хурц ширүүн тэмцэл тасралтгүй өрнөдөг байлаа. Гэхдээ тэр үед асуудлыг хувиа бодсон, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн тийм зүйл ажиглагддаггүй байлаа. Гагцхүү улс орны нийтлэг эрх ашгийн төлөө байснаас эцэстээ хэнийхээ ч хамраас цус гаргалгүй учраа ололцож, зөвшилцөж шийдээд дараагийн асуудалд ордог байлаа.
3.Бид нэг ангийн хүүхдүүд байлаа. Үндсэн хуулна баталбал 10 дугаар анги төгсөхтэй адил байлаа. Хурлын танхимд дайсан мэт үзэлцэвч хурлаас гараад дотно, цагаахан нөхдүүд л байсан. Дивизийн дарга н.Нацагдорж нэг удаа Э.Бат-Үүл рүү дайрч “Дунд сургуулийн сурлага муутай сурагч шиг тэнд ч тийм байдаг, энд ч ийм байсан гэж битгий дэмий яриад байгаа ч, бид чинь АИХ-ын депутат шүү дээ” гэж байхад, хожим нь Э.Бат-Үүл “Ху намынхан даруулгатай л байж үзээрэй. Гудамжинд та нараас илүү олон сайчууд явж байна шүү. Хэрэв байдал хурцадвал хамгийн түрүүнд та нар буудуулна шүү” гэж ширүүслээ. Харин хурал завсарлахад манайхнаас “За Бат-Үүлээ шархдуулж зовоолгүй олигтойхон л буудаарай” гэж мөрөн дээр нь алагдаж байхад тэр нь ха ха гээд л инээж алхаж байсан. Бид ийм л цагаахан хүүхдүүд байсан юм.
4.Улсын нэрийг БНМАУ хэвээр байлгая гэж байлдсаар гацаанд орсон. Хэрвээ “АРД” гэдэг үгийг өөрчилчихвөл улсын сүлд, тамга тэмдэг, мөнгө, төгрөг улсын хилийн баганын хаяг хүртэл өөрчлөгдөх болж өвгөд хөгшдийнхөө тэтгэврийг тавьж чадахгүй тэвдэж байгаа, сургуулиуд төсөв нь хүрэхгүй сурагчдынхаа дотуур байраа хааж байгаа, төрийн ажилчид багш нарынхаа цалинг тавьж чадахгүй байгаа нөхцөлд улс орны эдийн засагт маш том дараас болно. Тэр бүхнийг өөрчилж шинээр буй болгоход хоёр тэрбум орчим төгрөг шаардагдаж байлаа. Наад зах нь тухайн үед бэлэн байсан үндэсний баялаг 1.6 тэрбум төгрөг хүчингүй болохоор байв.
Нөгөө талаар Улсын Бага Хурлаас Төрийн сүлд болгох гэсэн шувуутай сүлдийг дийлэнх олонх нь үл тоож байлаа. Ингэхээр ардчилалд нэг их гай болохооргүй, бас бэлэн болоогүй зүйлийг өөрчлөх, шинээр буй болгох шаардлагагүй гэж тэмцэж байлаа. Гэвч бид Үндсэн хуулиа заавал батална гэсэн хатуу зорилттой учраас онцын аюулгүй бол нэг үгийн төлөө олон өдөр маргалдах нь утгагүй болж бие биеэ сонсож, бас суралцаж буулт хийж, дэмжиж зөвшилцөж байлаа. Ингээд Даш-Ёндон даргын зөвшилцсөнөөр “ард” гэдэг нэрээ “Үндсэн хууль” нэрээр наймаалцлаа. О.Дашбалбар босч “Бие даасан бүлэг дэмжсээр байтал та нар үзлээсээ ухарлаа цагийн зүү шиг савлаж байдаг МАХН-д харамсаж байна” гэлээ.
Дараагийн маргаан зөрчил төрийн сүлднээс эхлээд танхимд хүн тэсэхийн аргагүй өрнөсөн юм. Эвэр хошуутай махчин шувууг сүлд болгочихвол монголчууд ёс алдсан муу ёр гээд хэн ч сүлд гэж үзэхгүй гэхэд нөгөө нь адууг алаад иддэг юм, арьсыг нь адсага болгоод үүдэнд дэвсдэг юм, юугийг нь дээдэлж тавих юм гэцгээнэ. Урьд орой нь санагдана. Бие даасан бүлэг Ерөнхийлөгч дээр цугларч гацаанд орсон ард гэсэн үг мөн шувуутай сүлдний талаар саналаа хэлцгээсэн юм. Тэгээд миний дэргэд сууж байсан генерал П.Мөнхдорж ханцуй дотроосоо бугуйдаа зүүсэн шувуутай зураг харуулж АНУ-ын цэргийн энэ тэмдгээр сүлд болгох гээд байгаа юм даа гэж их л гутрангуй үзүүлж байсан. Дараа өдөр нь Ардын Их Хурлын танхимд цагаан шонхрыг магтсан нэгэн кино гарсны дараахан бидний баруун урд эгнээний суудлынхан пэрхийн босоцгоолоо. Гэтэл тэнд сууж байсан генерал П.Мөнхдорж тэнгэрт хальсан байлаа. Бодвол тэрээр энэ бүхнийг харж сонсож суухдаа эх орныхоо төлөө цохилох зүрх, оргих сэтгэл нь та нар ингэж болохгүй шүү гэж биеэ дэлбэлж сануулсан биз ээ. Үндсэн хуулиа сайн болгох, батлуулах гэж бид ингэж л тэмцэж байсан юм.
Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/