Нүүр хуудасМэдээЦЕГ: Хил давж зугтсан зургаан хүнийг энэ он гарснаас хойш “Шувуу” ажиллагаагаар...

ЦЕГ: Хил давж зугтсан зургаан хүнийг энэ он гарснаас хойш “Шувуу” ажиллагаагаар шилжүүлэн авчээ

Цагдаагийн байгууллагын алба хаагчидтай холбоотой таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй ч хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх үүргээ өдөр тутам хэрэгжүүлсээр байна.

Тухайлбал, эрүүгийн хэрэгт холбогдон шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхийн өмнө хилээр гарч зугтсан хэд хэдэн яллагдагчийг Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд шилжүүлэн аваад буй юм. Тус ажиллагаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагаас олон улсад эрэн сурвалжилж байсан 60 хүнийг хайхаа зогсоосон аж. Тэдгээрийн долоо нь Интерполын улаан, үлдсэн 53 нь хөх булант зараар эрэн сурвалжлагдаж байсан юм. Үүнээс 16 яллагдагчийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрсөн онд гадаадаас авчирсан бол, бичиг баримтыг нь хүчингүй болгосноор өөрсдөө хэрэгт шалгуулахаар ирсэн 14 хүн буй гэнэ. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу 30 хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байна. Энэ он гарснаас хойш зургаан хүнийг авчраад буй билээ. Жишээлбэл, энэ оны хоёрдугаар сарын 2-нд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулаад хил давж зугтсан, Интерполын хөх булант зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж байсан Г-ыг Турк улсаас шилжүүлэн авах ажиллагааг зохион байгуулсны дүнд тус улсын хууль хяналтын байгууллага түүнийг албадан буцааж, манай талд хүлээлгэн өгсөн. Ингэснээр их хэмжээний хохирол учруулсан залилан мэхлэх гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх боломж бүрдэв. Мөн онц хүнд гэмт хэрэгт холбогдчихоод оргон зайлсан Э гэх эмэгтэйг тус улсад байгааг тогтоон авчраад буй.

Харин өнгөрсөн гуравдугаар сард Б гэх залууг Бүгд найрамдах Турк улсаас шилжүүлэн аваад байна. Тэрбээр 2019 онд Баянзүрх дүүрэгт нэгэн айлын гэрийн гаднаас галдан шатааж, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа оргосон нэгэн аж.

Түүний дараа бусдыг хүйтэн зэвсгээр айлган сүрдүүлж дээрэмдсэн хэргийн яллагдагч Б гэх залуу Серби улсад орогнож байгааг Интерполын Монголын товчооныхны дэмжлэгээр олж тогтоон гуравдугаар сарын 27-нд шилжүүлэн авсан юм. Тэгвэл энэ сар гарсаар хоёр ч яллагдагчийг цагдаагийнхан шилжүүлэн авлаа. 2017 онд бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байсан

Ц.Ц-ыг Интерполын улаан булант зараар эрэн сурвалжилсны дүнд байгаа газрыг нь олж тогтоон, Шведийн Хаант Улсын цагдаагийн байгууллагатай хамтран Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 2-нд хүлээн авав.

Хамгийн сүүлд их хэмжээний мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж байхдаа оргон хил давж зугтсан Б-ийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад орогнож буйг тогтоон шилжүүлэн авлаа. Эдгээр яллагдагчийг шилжүүлэн авахын тулд ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж буй юм. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газрын Зар мэдээ түгээх, хянах албаны төлөөлөгчид Монгол Улсад өнгөрсөн сарын сүүлчээр албан ёсны айлчлал хийхдээ “Интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа, эрх зүйн үндэслэл” сэдвээр сургалт зохион байгуулжээ. Уг сургалтад Улсын дээд шүүх, УЕПГ, АТГ, ЦЕГ-ынхан хамрагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН