Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монгол Улсын “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”-д тусгагдсан тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт, Эрүүл мэндийн сайдын А/550 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг энэ сарын 18-нд зохион байгууллаа.
Энэ удаагийн цахим хурлыг ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдан явуулсан бөгөөд хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч, судлаач, Хүүхдийн эмнэлэг, Налайх, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ЭМТ, НЭ, ГССҮТ, НЭМГ, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон 18 аймгийн ЭМГ-ын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярайн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, өрх, сумын ЭМТ-ийн 140 эмч, мэргэжилтэн оролцсон.
Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий тус цахим хурлын үеэр “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, 2020-2024 оны I улирал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа, “Нярайн амьсгал гачаалын хам шинж” сэдвээр Нярай судлалын тасгийн эмч Б.Түмэнжаргал нар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Улсын хэмжээнд энэ оны 1-р улирлын байдлаар эх, хүүхдийн эндэгдлийн түвшин буурсан байна. Ялангуяа Баян-Өлгий аймгийн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин өмнөх жилүүдийн мөн үеэс илүү буурсан болохыг эмч нар онцлов.
Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын Эх барих эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Е.Үмит “Жирэмсний хяналт, нярайн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэдвээр цахим хуралд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.