Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” 4,1 сая еврогийн өртөг бүхий төслийн хүрээнд тусгай зориулалтын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслол УНТЭ-ийн талбайд боллоо.
Машин хүлээлгэн өгөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Стефан Хейнович болон эрүүл мэндийн салбарынхан оролцлоо.
С.Чинзориг сайд ёслолын нээлтэд хэлсэн үгэндээ БНПУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарыг дэмжин урт хугацааны туршид үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэнд талархал илэрхийлээд “Эрүүл мэндийн яам нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.
Дэлхий даяар КОВИД-19 цар тахал дэгдэж, мөн Украины дайны нөхцөл байдлын улмаас төслийн хэрэгжилт удааширсан ч өнөөдөр түргэн тусламжийн автомашинуудаа эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөхөд бэлэн болсонд баяртай байна” гэв.
Уг төслийн хүрээнд эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон MAN TGE 3.140 4*4 маркийн 33 түргэн тусламжийн автомашин, мөн эмнэлгийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээ хийх зориулалттай Pick up загварын 2, нийт 35 автомашиныг нийлүүлэхээс эхний ээлжийн 20 машиныг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгааг сайд онцлоод “Түргэн тусламжийн эдгээр машин нь яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд шаардлагатай зөөврийн амьсгалын аппарат, дефибрилятор, өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр, даралтны аппарат, хүчилтөрөгчийн баллон, төрөл бүрийн чиг баригч зэрэг 22 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон” гэсэн юм.
Мөн удахгүй ирэх Pick up загварын 2 автомашин нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг шалгах 5 нэр төрлийн эталон тоног төхөөрөмжөөр тоноглогдсон учраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын хяналт хийх боломж бүрдэх юм байна.
БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Стефан Хейнович “Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгч буй эдгээр орчин үеийн бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг нийлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд Польш, Монголын олон арван ажилтны хэдэн жилийн хүч хөдөлмөр шингэсэн юм.
Монгол орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөл байдалд зохицуулан үйлдвэрлэсэн “Столарчик” компанийн инженер, техникийн ажилтнуудад талархал илэрхийлэх нь зүйтэй.
Тус компанийн Онцгой байдлын ерөнхий газарт нийлүүлсэн гал унтраах тусгай зориулалтын машины адилаар эдгээр түргэн тусламжийн машинууд ямар ч нөхцөл байдалд найдвартай үйлчилгээ үзүүлэх нь дамжиггүй.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажил нь техник технологи, тээвэр ложистикийн хувьд томоохон шалгуур болсон бөгөөд энэ завшааныг ашиглан бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Сангийн яамны удирдлага, албан хаагчдад талархал илэрхийлье” хэмээв.
Төслийн хүрээнд Польшийн “Stolarczyk Miroslaw Technologia Pozarnicza” компанитай “Supply of customized ambulance in rural areas” MOH/2021-005-0723 дугаартай 4,15 сая еврогийн үнийн дүнтэй гэрээ байгуулснаар түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашинаас гадна молекул биологийн иж бүрэн 11 лабораторийн тоног төхөөрөмж, 3 суурин рентген аппарат болон бусад нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн байна.
Польшоос ирсэн эхний ээлжийн 20 машины түлхүүрийг Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын дарга нарт гардуулан өглөө.