Нүүр хуудасМэдээЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч болон ХХААБ-ын Суурин төлөөлөгч нарыг...

ЗГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч болон ХХААБ-ын Суурин төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  
 
Талууд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилт, түүнийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулах, олон улсын болон үндэсний түвшний хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд, НҮБ-аас манай улсад хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулахын чухлыг онцолж, цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, агуулга, цар хүрээ, хүртээмжийг улам нэмэгдүүлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэв.
 
НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмэр, идэвхтэй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.  


 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараа нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужаг томилолтын хугацаа нь дуусаж буйтай холбогдуулан хүлээн авч уулзав.
 
Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын зүгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлээд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ихээхэн үүрэг гүйцэтгэж, өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд 200 гаруй төсөл, хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлснийг талархан тэмдэглэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН