УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн тайланг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа. Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, эдийн засаг, санхүүгийн зах зээл сүүлийн хоёр жилд бүрэн сэргэсэн талаар тэрбээр онцлоод, цаашид эдийн засагт гарч буй энэхүү эерэг үр дүнг бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
Монголбанкны төсөөллөөр эдийн засгийн өсөлт энэ онд 6.0 орчим хувьд хадгалагдаж, ирэх онд төсвийг тэлэх бодлого, Оюутолгойн уурхайн үйлдвэрлэл эрчимжих зэрэг нөлөөллөөр эдийн засаг 7-8 хувиар өсөхөөр гарчээ.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг нам тогтвортой инфляцын орчныг бүрдүүлэх, банкны салбарын гадаад хөрөнгө оруулалтыг татах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсэж болзошгүй сөрөг нөлөөг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийн дэд бүтцийг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн сангийн эрх зүйн орчныг сайжруулахад чиглүүлэн боловсруулсан байна.