Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр (2024.10.22) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, хатагтай Коринн Пэрера хоёр улсын төрийн өндөр дээд түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа-хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцоллоо. Улмаар манай хууль зүйн салбарын залуу мэргэжилтнүүдийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад сургах боломж нээлттэй байгаа талаар мэдэгдлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн зүгээс Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс нь эртний найрсаг харилцаатай хийгээд ирэх онд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох гэж буйг онцлоод Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, тэр дундаа Хүний эрхийн багц хууль болон Авлигатай тэмцэх чиглэлд Бүгд Найрамдах Франц Улсаас туршлага судлах саналтай байгаагаа илэрхийлсэн.
Түүнчлэн талууд энэ үеэр хоёр улсын хууль зүйн салбар дахь цаашдын хамтын ажиллагаа болон салбарын бусад асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч Л.Мандваа, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын зөвлөх Жульен Пауперт, Эдийн засгийн атташе Павло Стергард нарын төлөөлөл байлцлаа.