Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн байршилд нүхэн гарц байгуулах төсөл нийслэлд хэрэгжиж байгаа.
Эхний ээлжинд таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг нээгээд байгаа. Энэ төслийг БНХАУ-ын Эксим банк санхүүжүүлсэн. Энэхүү төсөл болон 2024 оны арав, арваннэгдүгээр сард хийж хэрэгжүүлэх нүхэн гарцын ажлууд, 2025 онд хэрэгжүүлэх Дүнжингаравын уулзварын нүхэн гарцыг барьснаар цаашид Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй хөдөлгөөнд оролцох бүрэн боломж бүрдэх юм.
Ингэснээр Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийн хэмжээ өсөхөөс гадна Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг тодорхой түвшинд бууруулах тооцоо судалгаа гарсан байдаг.
Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуур 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт юм. Мөн хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд хоёр түвшний огтлолцолтой. Нүхэн гарцыг бүрэн нээснээр хоногт 32,500 автомашин зорчих боломжтой болно. Ийнхүү авто замын нэвтрүүлэх чадвар нь 22,9 хувиар нэмэгдэж, түгжрэл бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Төмөр замын 396 дугаар гармаар хоногт 53 галт тэрэг өнгөрч, нийт 2 цаг 48 минут орчим хугацаанд гармыг хаадаг байна. Цаашид хоногт 5-6 цаг уг гармыг хаах шаардлага үүсэхээр тооцоо судалгаа гарсан тул нүхэн гарцыг барьснаар авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж байгаа онцлогтой.