Нүүр хуудасНийтлэлГишүүдийн тоог нэмээд иргэдийн амьдрал дээрдэх үү?

Гишүүдийн тоог нэмээд иргэдийн амьдрал дээрдэх үү?

Өвлийн жихүүн өдрүүд хэдийнээ айлчлан ирлээ. Энэ жил урт өвөл болно гэдгийг олон цаг уурч, цаг уур судалж, сонирхдог иргэд ч хэлж буй юм. Харин Улаанбаатар хотын иргэд өнөө л түгжрэл, утааны асуудалтайгаа зууралдсаар. Дулаан, тогны үнэ 30% тус тус нэмэгдэж түүнийгээ дагаад ахуйн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүн мэдэгдэхүйц хэмжээгээр үнэ нь нэмэгдсэн. Ирэх онд автомашины татвар гурав дахин нэмэгдэж, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ. Харин бидний цалин хөлсний хэмжээ нэмэгдэж байгаа бил үү? Өнгөрөгч 10 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсон. Тэгвэл хөдөлмөр эрхэлдэг иргэд өөрийн олсон орлогын 24% буюу ХХОАТ, НДШ, ЭМД-ыг төлдөг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөгийн цалинтай иргэн байлаа гэж үзэхэд 648800 төгрөгийг гар дээр авч 144200 төгрөгийг татвар болгон төлдөг. Жишээлбэл, нэг иргэн приус-30 машинтай байлаа гэж үзэхэд автомашин ашигласны төлбөр 108 мянга, зам ашигласны төлбөр 100 мянга, нийгмийн даатгалаа жилээр төлөхөд  1,926,064 төгрөгийг татварын санд бүрдүүлэх юм. Эргээд бид улсын эмнэлгээр үнэгүй үзүүлэх, цаашлаад тэтгэврээ тогтоолгох боломжтой болно. Харин саяхан ЭМД-ын сан хоосорлоо гэх мэдээлэл явсан нь сэтгэл сэртхийлгэм. Өвчин хэлж биш хийсэж ирдэг зарчмаараа эмнэлэгт үзүүлэхээр очиход төлбөртэй үзэх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн цалин хэдэн төгрөг байдаг вэ? Нэг гишүүний цалин 3,9 сая төгрөг байдаг. Хоёр иргэний жилдээ төлдөг татварын мөнгө нэг улс төрчийн сарын цалин болно гэсэн үг. Энэ жил түүхэндээ анх удаа гэх тодотголтой 126 гишүүнтэй парламент бий болсон. 76 гишүүний цалинг боддог байсан бол нэмээд 50 гишүүний цалин бодно. Улиг болсон улс төрчдөөс илүү залуу үеийн төлөөлөл, гадаад дотоодын томоохон их сургуульд сурч мэдлэгийн хүүдий болсон гишүүдийг мажоритар, пропорциональ аргаар улс төрд оруулж ирсэн. Хэн ч харсан гайхалтай боловсролтой ч гишүүдэд өөлөх зүйл бишгүй бий. Жишээлбэл, анх удаа түүхэндээ төсөв буцаагдлаа. Төсөв дагаад попрох гишүүд ч гарч ирсэн гэж төсөв рүү иргэдийн анхаарлыг татсан гишүүдийг хуучин гишүүд нь хэлж байгаа юм.

Харин бидний татварын мөнгөөр цалинждаг энэхүү эрхмүүдээс ядаж чуулгандаа тогтмол суудаг нь хэд бол? Тогтмол суудаг ч тогтмол иргэдийн өмнөөс асуух үүргээ биелүүлж, хяналт тавьдаг гишүүн хэд бол? УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын тамгын газарт чуулганд оролцож буй гишүүдийн ирцийг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй болгохоор болгосон. Өдөр бүрийн чуулганы 11 цагийн ирцийн сүүлийн мэдээнүүдийг харвал 12 сарын 3-ны мэдээнд 26 гишүүн, 11 сарын 29-ий мэдээг харвал 44 гишүүн, 11 сарын 28-ны өдөр 46 гишүүн чуулганаа тасалсан байгаа юм. Зарим нь гадаад улсад томилолттой, эмнэлгийн чөлөөтэй, хувийн чөлөөтэйгээс гадна шалтгаангүй тасалсан гишүүд ч байгаа юм. Чуулган долоо хоногийн дөрөв дэх, тав дахь гэсэн хоёр өдөр хуралддаг. Энэ хоёр өдөр Засгийн газар болон байнгын хороо нь хэлэлцсэн асуудлаа их хуралдаа өргөн барьж хэлэлцэж шийдвэрлэдэг. Харин энэ хоёр өдөр Засгийн газрын гишүүд огтоос ирдэггүй, асуулт асуусан гишүүдэд хариулт өгөх тодорхой албан тушаалтан ч хангалтгүй байх жишээний. 2025 оны төсвийг хэлэлцэж буй чухал цаг үед тоомжиргүй өөрт хамаагүй мэт хандаж болох уу? 126 гишүүнтэй их хурлын үнэмлэхээ авснаас хойш энэ асуудал хөндөгдөж есөн сараас төсвийн хуулийг хэлэлцэж байгаа бол өнөөдөр хэдийнээ оны сүүлийн сар ирж баталсан хуулиа дахин хэлэлцэж байна. Өнөөдөр ч ярьсан, яахаа мэдэхгүй яваа хүмүүс л чуулганы танхимд харагдаж байна. Шинэ гишүүд худлаа попорч байна гэж хуучин гишүүд нь хэлж буй ч энэ чухал үед асуудлаа хамтдаа шийдэх бус талцаж улам үл ойлголцлыг нэмэгдүүлж буй мэт.

Чуулгандаа идэвхтэй суудаггүй, ирцээ бүртгүүлээд үдээс хойш чуулганд бараа нь ч харагддаггүй, зөвхөн өөрт хамаатай хуулийн төсөл батлах үеэр орж ирээд кноп дараад гардаг  ийм гишүүд их хуралд хэрэгтэй юу? 76 гишүүнээс 126 болж толгой нэмэгдсэн ч кноп дарагч гишүүн нэмэгдсэн юм биш биз. Эцэст нь ажил хийе гэсэн залуучууд зөндөө байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Нийтэлсэн: К

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН