Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн “Ногоон Барилгын Манлайлагч” шагнал гардуулах ёслол тус салбарын манлайлагчдыг тодруулж, тэдний бүтээлч санаачилга, хичээл зүтгэлийг үнэлэх зорилготойгоор өнөөдөр буюу 12 сарын 5-нд болж өнгөрлөө.
Энэ арга хэмжээнд Монгол улсад ногоон барилга, байгууламжийн талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, ногоон барилгын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж, баталгаажуулах аргачлалыг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулсан манлайлагчдаа тодруулж, урамшууллаа.
Үндэсний Ногоон Барилгын Үнэлгээний аргачлал BestGER (Best Governance in Efficiency and Resilience) нь хоёр шатлалтай. “BestGER” Simple буюу Хялбаршуулсан зэрэглэл нь Барилгын тухай хуулийн 10.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл шаардлагагүй, амины орон сууц, барилгуудад зориулсан хялбаршуулсан хувилбар буюу хоёр бүлэгтэй, 12 шалгуур үзүүлэлттэй. Харин “BestGER” Дэлгэрэнгүй зэрэглэл нь илүү өргөн хүрээтэй, зургаан бүлэг, 32 шалгуур үзүүлэлттэй юм.
Ногоон барилга нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэггүй, эрчим хүчний хэрэглээг багасгах, байгалийн нөөцийг хэмнэх материалыг ашигладаг. Мөн эрчим хүч, цэвэр ус хэмнэх, саарал усыг дахин ашиглах зэрэг шинэлэг шийдлүүдийг багтаажээ. Энэ төрлийн барилгууд нь оршин суугчдад тухтай, хүртээмжтэй, дотоод агаарын чанар сайтай орчныг бүрдүүлж, газар хөдлөлт болон галын аюулаас хамгаалагдсан, бат бөх бүтэцтэй байдаг аж.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, түгээмэл хэрэглэгддэг Их Британийн “BREEАM”, АНУ-ын “LEED”, Олон Улсын Санхүүгийн Корпорацын “EDGE” зэрэг үнэлгээний системүүдийг судалж харьцуулан, манай орны байгаль цаг уурын онцлогт тохирсон ногоон барилгын “BestGER” үнэлгээний системийг боловсруулжээ.
“BestGER” Хялбаршуулсан зэрэглэл нь Барилгын тухай хуулийн 10.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл шаардлагагүй, амины орон сууц, барилгуудад зориулсан хялбаршуулсан хувилбар буюу хоёр бүлэгтэй, 12 шалгуур үзүүлэлттэй. Харин “BestGER” Дэлгэрэнгүйзэрэглэл нь илүү өргөн хүрээтэй, зургаан бүлэг, 32 шалгуур үзүүлэлттэй. Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан барилга байгууламжийн төвөгшил, ангиллын хүрээнд орон сууц, хороолол, үйлдвэрлэлийн барилга, худалдаа үйлчилгээний олон төрлийн зориулалтын барилга байгууламжийн ногоон эсэхийг үнэлэхэд зориулсан дэлгэрэнгүй шатлал юм.
Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл “Ногоон барилгын үнэлгээний систем батлагдсанаар Монгол Улс өөрийн гэсэн дотоод орчны агаарын хувьд чанартай, эрчим хүч, ус болон бусад байгалийн баялагт хэмнэлттэй үндсэн үзүүлэлттэй болж байна. Ингэснээр ногоон барилгын үзүүлэлтийг хангаж баригдсан барилга, байшинд амьдарч байгаа хүмүүсийн орчин нөхцөл сайжирч, хүрээлэн буй орчинд илүү ээлтэй болно” гэлээ.
Манай улсад утаа, хөрс, орчны бохирдол ноцтой түвшинд хүрсний зэрэгцээ, олон амины орон сууц, барилгад цууралт үүсэж, эдийн засгийн эргэлтэнд орохгүй зогсонги хөрөнгө ихээхэн хэмжээгээр бий болсон байгаа нь ногоон барилгын хэрэгцээ шаардлага нэн өндөр байгааг илтгэж байгаа талаар салбарынхан онцолж байлаа.