Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Сайд С.Одонтуяа "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн ирээдүйн төлөөх...

БОУАӨЯ: Сайд С.Одонтуяа “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн ирээдүйн төлөөх даян дэлхийн эвсэл” хамтран байгуулахын тулд бүх засгийн газар болон оролцогч талуудтай хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурал түүхэнд үлдэх онцгой үйл явдлуудаар дүүрэн үргэлжилж байна. Тухайлбал анх удаа ногоон бүсийг нэвтрүүлсэн, оролцогчдын тоогоор дээд амжилтыг тогтоосон, мөн засгийн газар, иргэний нийгэм, залуучуудын төлөөлөлтэй өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулагдаж байна.

Тус хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Газар, бэлчээрийн асуудлаарх сайд нарын уулзалтад оролцож, үг хэллээ.

“Газрын менежментийг сайжруулах зорилго дор бид газрын олон ангилал, тэдгээрийн өвөрмөц онцлог, ач холбогдлыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Олон улсын байгаль орчны зарим гэрээ, хэлцэлд тал хээр, бэлчээр, хуурай газар зэрэг газрын төрлүүд ихэвчлэн орхигддог.

Монгол орны газарзүйн онцлог, экосистемийн хэв шинж, мөн 2026 оныг ” Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон зарласан зэрэг нь биднийг COP17-г бэлчээр болон мал аж ахуйн салбарт ач холбогдлыг өгч, санаачлагатай ажиллах урам зоригийг өглөө гэсэн юм.

Эрдэм шинжилгээний өргөн хүрээний судалгааны үр дүнд бид нэг чухал орон зай буюу бэлчээр болон мал аж ахуйд чиглэсэн олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилт, платформ дутагдалтай байгааг илрүүлсэн. Иймд үүнийг шийдвэрлэхийн зорилгоор Монгол Улс “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн ирээдүйн төлөөх даян дэлхийн эвсэл” байгуулахыг саналыг албан ёсоор дэвшүүлж байгаагаа онцоллоо.

Орон нутаг болон бүс нутгийн санаачилгууд хэрэгжиж байгаа боловч газар нутгийн дийлэнх нь бэлчээрийн газар мөн далайд гарцгүй орны хувьд Монгол Улс энэхүү дэлхийн түвшний бэлчээрийн доройтлыг бууруулж, тогтвортой менежментийг өргөжүүлэх ажлыг Та бүхний дэмжлэг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд манлайлан хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү эвсэл нь газар нутаг, уламжлалт болон орон нутгийн мэдлэг, технологи дамжуулалт, усны менежмент, соёл, хөдөө аж ахуй, мал аж ахуй, жендэрийн эрх тэгш байдал зэрэг өргөн хүрээг хамрах юм. Одоогийн байдлаар энэхүү санаачлагын үзэл баримтлалыг талуудаар хэлэлцүүлэх шатандаа явж байна. Ирэх оны 1 дүгээр сараас эхлэн бид энэхүү эвслийг хамтран байгуулахын тулд бүх засгийн газар болон оролцогч талуудтай хамтран ажиллах болно.

Энэхүү чухал санаачилгыг хэрэгжүүлэхэд Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэсэн юм. Талуудын 16-р бага хурал энэ сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН