Нүүр хуудасМэдээЗГ: “Яндангүй бүс” байгуулна

ЗГ: “Яндангүй бүс” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
“Яндангүй бүс” байгуулна
Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа.
Мөн тус хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоосон урамшуулал олгох журам, “Яндангүй бүс”-д бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглох, мөн тус бүсэд хийн түлшний халаалтад шилжүүлэхээр төлөвлөж буй айл, өрхүүдэд хийн халаалтын тоног төхөөрөмжийг ногоон зээлээр авахад шаардагдах хүүгийн татаас олгох зэрэг асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын танилцуулахыг үүрэг болгов.
Яндангүй бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргаж, уг бүсэд хамрагдах айл, өрхүүдийг эрчим хүчний хэмнэлт бүхий дулаан алдагдал багатай орон сууц, монгол гэрийн иж бүрэн дулаалга, хийн болон цахилгаан халаагуур, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуух зэрэг ногоон зээлийн бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөж байна.
 
“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа
Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороог  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд ахалж, Засгийн газрын холбогдох сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга нар тус хорооны гишүүнээр ажиллана.
 
Аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэнэ
Төрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд төрөөс олгож байгаа зөвшөөрөл, зөвшөөрлийн шинжтэй харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, эрх зүйн бусад актын уялдааг хангах чиглэлээр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна.
Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн тоон үзүүлэлттэй уялдуулж, бүх шатны төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, үнэлэх нэгдсэн аргачлалыг боловсруулж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.
Мөн бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Business”-т нэгтгэх ажлыг зохион байгуулахыг Төрийн бүтээмжийн Үндэсний хороонд даалгав.
 
Инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүллээ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 (таван зуун далан хоёр мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Засгийн газрын тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөнө.
Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай 297.4 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд тусгажээ.
 
Товч мэдээ
·      “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагатай хамтран ажиллаж, менежментийн багийг сонгон шалгаруулах ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд үүрэг болголоо.       
·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
·      Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах байрны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг баталлаа.
 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН