Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК нь Дэлхийн Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Холбоонд албан ёсоор элссэнийг мэдэгдэж байгаадаа Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци болон Дэлхийн Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Холбооны зүгээс нэн таатай байна.
Дэлхийн Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Холбоо нь Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг ба Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг гишүүнчлэлдээ багтаасан төрийн бус байгууллага юм. Тус холбоонд ТХХТ-ийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хөрөнгө оруулагчид, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, бусад субъектүүд гишүүнээр нэгдэн элсдэг. Энэхүү холбоо нь НҮБ-ийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ТХХТ-ийг өргөнөөр ашигладаг ба өөрийн гишүүн байгууллагын хүний нөөц, албан хаагчдыг чадавхжуулах үндсэн зорилготой.
Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааны гүүр байж нийслэлийн дунд хугацааны стратеги, бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх зорилготой нийслэлийн өмчит хувьцаат компани юм.
Гүйцэтгэх захирал ноён Ж.Сандагсүрэн “Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагуудын сүлжээнд нэгдэн Дэлхийн Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Холбоонд элсэж байгаа нь корпорацийн хүний нөөцөө чадавхжуулах, бусдын сайн туршлагаас суралцаад зогсохгүй Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой үйл явдал боллоо” хэмээн дүгнэж байна.
Дэлхийн Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Холбооны ерөнхийлөгч ноён Зиад Хайек “Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК-ийн чадварлаг хамт олонтой нягт хамтран ажиллахаар болсонд баяртай байна. Ялангуяа Монгол Улсын төр хувийн хэвшлийн хууль, эрх зүйн орчин шинэчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл бүрдсэн энэ үед Улаанбаатар Хотын Хөгжлийн Корпораци ХК нь манай холбоонд нэгдэж буй нь нэн ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.