Нүүр хуудасМэдээГБХНХЯ: УИХ-ын хаврын чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын...

ГБХНХЯ: УИХ-ын хаврын чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2024 оны 05 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн ч Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.4-т “Өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаасанд тооцно.” гэж заасны дагуу хуулийн төслийг дахин боловсруулж байна.

Энэ хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 тоот тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг”-ийг шинэчлэн байгуулж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуулийн төслийг ажлын хэсгийн гишүүддээ хэлэлцүүлж, санал авлаа.

Ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхзул “Хуулийн төсөлд олон улсын гэрээ конвенц, үндэсний хууль тогтоомжоо баримтлан боловсруулж, тогтолцооны шинжтэй асуудлуудыг тусгаж ажиллана. Мөн энэ хуулийн төслийг хүний эрхийн тэгш эрхийн зарчимд тулгуурласан байдлаар боловсруулж батлуулна” гэдгийг онцлов.

Хуулийн төсөлд салбар бүр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн төсөв батлан хэрэгжүүлдэг байх, энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг УИХ-д тайлагнаж, хэлэлцдэг байх, хөгжлийн бэрхшээлийг тогтоох олон улсын ангилал /ICF/-ыг нэвтрүүлэх бүтэц, төлөвлөгөө батлан хэрэгжүүлэх зэрэг хуулийн хэрэгжилт болон хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн шинэлэг зохицуулалтуудыг тусгасан. Мөн Монгол дохионы хэл, биеийн тамир, спорт, урлаг соёлоор дамжуулан нийгмийн оролцоо нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй холбоотой дэмжлэгийн тогтолцооны асуудал зэргийг нарийвчлан тусгаад байна.

Хуулийн төслийг хаврын чуулганд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН