Нүүр хуудасМэдээE-Mongolia Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг хангаж дохионы хэлмэрчтэй...

E-Mongolia Олон улсын вэб хуудасны хүртээмжтэй байдлын WCAG стандартыг хангаж дохионы хэлмэрчтэй боллоо

Өдгөө дэлхий дахинаа зөвхөн 70 гаруй сая хүн дохионы хэлээр харилцаж байгаа бөгөөд Монгол Улсад дохионы хэлмэрчийн тоо 20 хүрэхгүй байгаа нь тусгай хэрэгцээт иргэдийн цахим үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс E-Mongolia системд дохионы хэлмэрчийн тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжийг бий болгосноор сонсголын бэрхшээлтэй иргэдэд илүү хялбар, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдлээ.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 115,000орчим иргэн байдаг бөгөөд нийт хүн амын 3,3 хувийг эзэлдэг. Дээрх иргэдийн хувьд E-Mongolia системээр дамжуулан 49,996 хөгжлийн бэрхшээлтэй иргэн илүү хялбар байдлаар төрийн үйлчилгээг цахимаар авч байна.

“И-Монгол академи” УТҮГ-ын зүгээс хүртээмжтэй байдлыг хангаж Олон улсын WCAG зөвлөмжийн дагуу хөгжүүлэлт хийснээр төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системийг саадгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлсээр байна. Тухайлбал 12,892 харааны бэрхшээлтэй иргэд дэлгэц унших программын тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах боломжтой болсон.  Түүнчлэн, хадмал орчуулга болон дохионы хэлмэрчтэй контентуудыг нэвтрүүлснээр мэдээлэл, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд тэгш, хүртээмжтэй, шуурхай байдлыг цогцлоож байна.

Энэ удаад E-Mongolia систем нь сонсголын бэрхшээлтэй иргэн цахимаар зөвлөгөө, мэдээлэл авахад зориулан “Дохионы хэлмэрч”-ийг ажиллуулж, тусгай хэрэгцээт иргэдэд үйлчилж эхэллээ. Энэ нь нийгмийн тэгш байдлыг хангах, цахим орчныг бүх иргэдэд тэгш боломж олгоход чиглэсэн чухал алхам болж байгаагаараа онцлог болж байна.

Цаашид E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системд нэвтэрсэн болон нэвтрүүлэх үйлчилгээнүүдийг иргэдэд тэгш, хүртээмжтэй илүү хялбар, шуурхай байх тал дээр анхаарч цахим хөгжлийг түүчээлэх болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН