Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст үндэсний бахархал, уламжлалыг төлөвшүүлэх зорилгоор хоёр дахь жилдээ “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, цэргийн штаб, зэвсэгт хүчний 013 дугаар анги хамтран “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр хошууч генерал Рашмаагийн Гаваагийн нэрэмжит цэргийн гавьяаны улаан тугийн болон алтан гадас одонт зэвсэгт хүчний 013 дугаар ангид “Бид эх орны ирээдүй” хөтөлбөр хэрэгжиж ерөнхий боловсролын 10 сургуулийн 300 гаруй сурагчид хамрагдлаа. “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг энэ жил цэргийн ангид зохион байгуулж хүүхдүүд цэргийн байр, цэргийн музей, техник хэрэгсэлтэй танилцсанаараа онцлог болж байна.

Уг хөтөлбөр Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 20, 21, 25-ны өдрүүдэд хэрэгжих ба 27 сургуулийн 2000 гаруй сурагчид хамрагдана. “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрөөр эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх үү гэсэн сэдвээр мэдээлэл өгч хүүхдүүдийн дунд асуулт, хариултын тэмцээн, зэвсэгт хүчний 013 дугаар ангийн урлагийн тоглолт, цэргийн гардан тулааны үзүүлбэр зэргийг сурагчдад үзүүллээ. Ингэснээр хүүхдүүд эх орон, түүх соёлоороо бахархах, зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар ойлголттой болох зэрэг олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
