Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол-Британийн Дугуй ширээний 15 дугаар уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Британийн туршлагыг Монголд нэвтрүүлэх боломжууд” сэдэвт бизнес уулзалтад оролцлоо.

Бизнес уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтууд, түүнд тусгагдсан хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах төрийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн талаар болон Бүсчилсэн хөгжлийн бодлогын тухай танилцууллаа.

Монгол-Британийн Бизнес уулзалтын үеэр Монгол улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчин Монгол улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын дэмжлэг үзүүлэх
боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын Бизнесийн орчиныг сайжруулах боломжуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл, “Улаанбаатар метро” төслийн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл танилцууллаа.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Британийн British Expertise International байгууллага болон Лондон дахь “Монгол-Британийн Худалдааны танхим хамтран зохион байгуулж, Британийн 70 гаруй аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагын төлөөлөл оролцлоо.



