Нүүр хуудасМэдээЗГХХГ: Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц систем (DME)...

ЗГХХГ: Монгол Улсын төрийн үйл ажиллагаанд Олон улсын үнэлгээний цогц систем (DME) нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургалт зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдвээр богино хугацааны цогц сургалт зохион байгуулж эхэллээ. Энэхүү сургалт нь Монгол Улсын төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, хяналт, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт хүргэх, Олон улсын үнэлгээний цогц систем (DME) нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахад чиглэсэн чухал арга хэмжээ юм.

Энэ цогц сургалтыг зохион байгуулахаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи хамтран ажлыг хэсэг байгуулж, ажлын хэсгийг тус газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа ахлан удирдаж байна.

Сургалтын нарийвчилсан төлөвлөгөө, оролцогчдыг сонгон шалгаруулах удирдамжийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр болон Удирдлагын академийн захирал, доктор, дэд профессор Д.Сүрэнчимэг нар хамтран баталсан бөгөөд 285 төрийн албан хаагч хамрагдахаар бүртгүүлж, эхний сонгон шалгаруулалтаар W.Hogwood болон B. Guy Peters-ийн “The Pathology of Public Policy” номыг уншиж эсээ бичиж шалгарсан 50 албан хаагчийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Удирдлагын академиас зохион байгуулж буй “Төрийн бодлого, бодлогын шинжилгээ” танхимын сургалтад хамрагдсан.

Эдгээр 50 төрийн албан хаагчаас дараагийн шатанд шалгарсан 10 албан хаагч Америкийн Нью-Йорк хотод байрладаг Evaluation+Learning Consulting байгууллагаас зохион байгуулах “Designing + Monitoring Programs” сэдэвт онлайн сургалтад, мөн БНСУ-ын “Төлөвлөлт, мониторинг, үнэлгээний арга” туршлага судлаж, сургалтад хамрагдах билээ.

Сургалтад хамрагдсан төрийн албан хаагчид ур чадвараа дээшлүүлж, мэдлэг туршлагаа сайжруулж, Монгол Улсын төлөвлөлт, төсөвлөлт, мониторинг, үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН