Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1-д хяналт шалгалтын байгууллага нь хяналт шалгалт хэрэгжүүлэх доод шатны нэгж, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт шалгалтын мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна гэж заасантай холбогдуулан Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран авто зам, автотээвэр, төмөр замын хяналтын улсын (ахлах) байцаагч нарыг мэргэшүүлэх нэгдсэн сургалт өнөөдөр /2025.03.11/ Зам, тээврийн яаманд зохион байгуулагдлаа.

Сургалтыг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлсний дараа Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж тус салбарт ажиллаж байгаа 115 улсын (ахлах) байцаагч нар болон Салбарын хяналтын газрын хамт олонд Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний хорооны үйл ажиллагаа, анхдугаар хуралдаанаас гарсан тогтоол, шийдвэр, хяналт шалгалтын нэгдсэн бодлого, хэрэгжилт, үр дүн, тулгамдаж байгаа зарим асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Энэ сарын 11-14-ний өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад Тээврийн прокурорын газар, нийлэлийн Хяналт шалгалтын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Далайн захиргаа, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, нийслийн Нийтийн тээврийн бодлогын газар, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Авто замын нэгдсэн холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд мөн оролцож байна.
