Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар оролцож, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж, үүрэг өглөө.

Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан түймрийн улмаас үүсэн хохирлын хэмжээг бодитоор тогтоож, цаашид түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг анхааруулсан юм.

Мөн хөдөлгөөнт эргүүл, хяналтыг эрчимжүүлэхэд онцгойлон анхаарах, ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, эрсдэл бүхий нутагт байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж, холбогдох байгууллагууд уялдаагаа сайжруулж ажиллах шаардлагатайг онцоллоо.
