Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллаж, тус ангид хугацаат цэргийн алба хаах орчин нөхцөлтэй танилцлаа.

Тэрээр энэ үеэр хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бахархалт баялаг түүх өнөөгийн бие бүрэлдэхүүн, хамт олны амжилт ололтоор бахархаж байна. Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Жамсрангийн Ёндонгийн эрхэм алдраар овоглосон, улсынхаа нийслэл Улаанбаатараар нэрлэгдсэн, нэгэн зууныг дамжсан түүхтэй танай хамт олон төрийн ёслол, үйл ажиллагаа, тэр дундаа улс орны нүүр царайг илтгэсэн дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлж ирсний зэрэгцээ монгол цэргийн сүр жавхаа, хийморь золбоо нь болж байдагт Улсын Их хурлын даргын хувьд бахархаж явдаг. Төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Төрийн хүндэт харуулын тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү торгон цэргийн эгнээнээс олон арван гавьяатууд төрөн гарч, улс орныхоо аюулгүй байдал, бүтээн байгуулалт, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлж монгол цэргийн дайчин алдар, шилдэг уламжлалыг түүчээлэн явааг харахад таатай байна” хэмээв.

Тус үйл ажиллагаанд Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон зарим албаныхан оролцлоо.
