Тус ажлын хүрээнд салбар дундын уялдааг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд ажиллаж байгаа бөгөөд МУ-ын барилгын салбарын ҮТХН-ийн зорилтыг шинэчлэх үүрэг бүхий дэд ажлын хэсэг 2025 оны 3 дугаар сарын 10, 20-ны өдрүүдэд ээлжит хурлаа хийлээ.
Тус ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хөгжил, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяабаатар ахлан, тус яамны холбогдох мэргэжилтнүүдээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох төлөөллүүд орж Барилгын салбарын үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэх, арга хэмжээг нэмж боловсруулахаар ажиллаж байна.

Дэд ажлын хэсгийн эхний хурлаар барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулахад хамгийн үр нөлөөтэй асуудлууд болох барилгын эрчим хүчний норм, дүрмийн хэрэгжилт, барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт, эрчим хүчний аудит, ногоон барилгын үнэлгээний систем болон ногоон шошгожуулалтын талаар хэлэлцсэн. Дэд ажлын хэсгийн 2 дахь удаагийн хурлаар барилгын салбарын хүлэмжийн хийг бууруулах үр нөлөөтэй арга хэмжээнүүдийн нэг болох олон нийтийн болон орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах, барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцлээ.
Тус уулзалтад угсармал орон сууцны дулаалгын RePaRe төсөл, гэр хорооллын сууцны дулаалгын Дулаан шийдэл төсөл, Монгол гэрийн дулаалгын CHIP төсөл, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл, Монголын Ногоон Санхүүгийн Корпораци, PIN болон NDC Partnership байгууллагын төлөөллүүд, мэргэжилтнүүд оролцож МУ-ын барилгын салбарын ҮТХН-ийн зорилтод оруулах боломжит ажлуудын талаар үр дүнтэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг шинэчлэх ажлыг GIZ – Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн SPA төслөөс дэмжин ажиллаж байгаа бөгөөд уг төслийг Германы Холбооны Эдийн засаг, уур амьсгалын яам (BMWK) Олон улсын уур амьсгалын санаачилга (IKI)-аар дамжуулан санхүүжүүлж байна.
ГОУХАН-ээс эрчим хүч, барилга, тээвэр, хог хаягдал, аж үйлдвэр, ойн салбарууд болон салбар дундын уялдааг хангах зорилгоор олон улсын болон дотоодын зөвлөхүүдийг ажиллуулан, салбарууд хариуцсан дэд ажлын хэсгүүдтэй хамтран ажиллаж байна.