Нүүр хуудасХөрөгХүрэн толгойн сүүдэр

Хүрэн толгойн сүүдэр

Хүрэн толгойн сүүдэр

Хөндийгөө дагаад хүүшлэнэ дээ

Хүний бага л чамтайгаа

Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь

Араан дагаад хүүшлэнэ дээ

Амраг жаахан чамтайгаа
Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий
Араан дагаад цуврана даа

Аль газрын чамтайгаа 
Сэтгэл юундаа даслаа даа хөө… 

Ижийгээс минь гарах цээлхэн хэрнээ, тансаг торгон аялгуунд тэнгэрт дүүлэх жигүүртэн шувууд хүртэл хоргодох мэт, сэрүүн салхи, талд янцгаах адууны дуу хөг нэмэх мэт уянгатай. Чухамдаа гэрт байгаа хүмүүс юуны найр хийж байсныг би санадаггүй юм. Миний сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл зөвхөн ээжийн минь хүрэн толгойн сүүдрийг сэтгэлд сэрүү таттал дуулсан тэр дүр зураг. Нутгийн хүмүүс ижийг минь сайхан дуулдаг гэж олонтаа магтаж байсныг би сонсож байсан ч ээжийгээ дуулахыг ухаан орсон цагаасаа анх удаа сонсож байгаа минь тэр. Урсгал дөлгөөхөн бор нүднээс нь харцаа салгамааргүй тийм л сайхан нүдэндээ үгээр хэлэхийн аргагүй их зүйлийг хүүрнэж, уртын дууны хүч, ид шидээр сэтгэл зүрхийг минь булгилуулах мэт дуулсан ээжийн минь тэр дуу чихэнд минь биш зүрх сэтгэлд минь шингэх шиг санагдаж билээ. Уртын дуу тийм гайхалтай гэдгийг, тийм сайхан гэдгийг анх удаа л би тэгэхэд мэдсэн санагдана. Энэ тухай бичих сэдэл ч гэсэн надад хэзээ хойно, өөрөөр хэлбэл саяхан сэтгэлд буусан юм. “Шинэ үсгийн багш” гэдэг кино байдаг даа. Тэр кинон дээр гардаг Лхам гээд сайхан эмэгтэй “Хүрэн толгойн сүүдэр”-ийг дуулдаг. Тэр дууг сонсоод Дунжидмаа хүүхэн “Таны дуулахыг сонсоод муу аав, ээж нутаг усаа санаад нулимс унагаж л суулаа” гэж хэлдэг хэсгийг санаж байгаа байх. Яагаад ч юм энэ киноны хэсгийг би дахин дахин үзээд, бас дахин дахин дагаж уйлмаар санагддаг. Миний ээж тэр кинон дээр гардаг эмэгтэй шиг хүний сэтгэлд хүртэл дуулж чаддаг хүн байсан даа гэсэн бодол төрдөг юм. Надад ээжийнхээ тухай бодох хамгийн сайхан байдаг. Хэдийгээр зүрх сэтгэл минь эмзэглэж, гунигтай бодлууд намайг ээрч байсан ч ээжийн минь тухай бодол миний сэтгэл зүрхийг ариусгадаг юм.
Миний зүрхэндээ хурааж авсан өнөөх цээлхэн дуу уул тал, моддын дээгүүр дүүлэн нисэх мэт сэтгэлийн чандад дурсамж дагуулан уянгална. Цэл хүйтэн цэвэр тунгалаг булаг хоржигнон урсах хөдөө талын чимээ цэцэгсийн сэнгэнэсэн үнэрт мансуурах эрвээхэйн далавч шиг чимэгтэй харагдана. Бүртийх ч үүлгүй цэнхэртэх гүн тэнгэрийг тулах мэт өндийсөн Өндөрхааны бараа. Асгасан шагай шиг харагдах уулсын алаг чулуунаас бэлчиж яваа хонин сүрэг үл ялгаран цайрна.  Зуны халуун наранд яльгүй нозоорсон ч цэцэг түүж, чулуу хормойлж ядарсан юмгүй гүйх жаахан охин модны сүүдэр бараадан суугаа нүдэнд дуулаахан эмэгтэйн зүг яаран гүйлээ.
-Миний муу шар охин хонио эргүүлчихээд ирэв үү?. Алив наашаа сүүдэрт суу. Толгой нь наранд халчихна хэмээн нөгөө бүсгүй хэлээд дээлнийхээ хормойг дэвсэн суулгалаа. Үл мэдэгхэн инээмсэглэл тодорсон царайтай, духанд нь үрчлээ сууж, үс нь бууралтсан махлаг, өндөр энэ хүн бол миний ээж. Би ээжтэйгээ хонь хариулах дуртай. Харин ээж минь ууланд явахаараа их ядардаг байсан байх. Тиймээс миний охин гүйгээрэй. Ээж нь энд сууж байя гээд модны сүүдэрт суугаад намайг харж байдагсан. Зуны нар үд голлож хонь мал идэхээсээ илүү ялаархан хурж эхэлжээ. 
-Ээжээ Өндөрхаан уулыг яагаад Өндөрхаан гэж нэрлэсэн юм бэ гэж охин асуухад
-Энд байгаа бүх уулсаас хамгийн өндөр нь болохоор, бас энэ уулсын бүгдийнх нь хаан болохоор тэгж нэрлэсэн юмаа. Хэдийгээр хажуунаас нь харахад тийм өндөр харагдахгүй байгаа ч холоос энэ бүх уулсын дундаас сүндэрлээд ямар сайхан харагддаг гээч. Миний охин том болоод хараарай гэлээ.
-Энэ урд талын Ана чинь өндөр хааны хатан нь гэсэн тиймээ ээжээ? гэж би ээжээсээ мэддэг хэрнээ яриулах гэж дахин дахин асууна. Тэгээд сонсох нэг л сайхан. Ээж маань намайг өхөөрдөн зөөлөн гараараа магнайг минь илээд 
-Тиймээ миний охин. Энэ өндөр сайхан уулыг Ана мэргэн хатан гэдэг юм. Харин энэ урд талын уулыг Аягач мэргэн Чачирт гэдэг. Харин бид хоёрын сууж байгаа энэ дэвсгэр уулыг өндөр хааны ширээ нь гэдэг юм. Бас тээр доор байдаг цуваа гурван уулыг Өндөр хааны хүүхдүүд гэдэг. Аан бас тэр хотгорыг Өндөр хааны тогоо нь гэлцдэг юм. Эртнээс тэр тогоонд бохир оруулахыг цээрлэдэг байсан. Нэг удаа хавар эцэж ядарсан нэг мал ус уух гэж ороод гарч чадалгүй үхчихэж л дээ. Тэрийг хүмүүс гаргах гээд дийлээгүй юм гэдэг. Харин маргааш нь өөрөө гарчихсан байсан юм гэнэлээ. Өөрөө гарах юу байхав дээ. Өндөр хааны тогоонд орчихсон болохоор л энэ уулын эзэн гаргасан гэж хүмүүс ярьдаг юм даа хэмээн ярьж өгдөгсөн. Тийм л үлгэр домгийн юм шиг сайхан нутагт өрөвчхөн Монгол бүсгүйн өвөр дээр тоглож өссөн би азтай хүн. Яагаад ч юм би балчир ухаандаа ээжийнхээ сэтгэлд юм хийхээс айдаг байсан. “Миний охин ам нь цангаж байгаа цай уу” гээд өгөхөд нь уумааргүй байсан ч нэг ч удаа буцааж байгаагүй. Тэр л ээжийн минь намайг гэсэн их хайрыг нь энэ биеийнхээ эд эс, сэтгэл зүрх бүрээрээ амсаж өссөн дөө. Харин ээжийгээ гомдоож байсан үгүйгээ мэдэхгүй юм. Миний ээж охиндоо гомдохгүй дээ. Эх хүний сэтгэл тийм л ариун байдаг хойно доо. Эргээд ганц л удаа энэ насандаа очоод ээжтэйгээ хамт Өндөр хааны өвөрт хонь хариулж өвөр дээр нь ганц тоглохсон.  Дахиад нэг удаа ээжийнхээ “Хүрэн толгойн сүүдрээ дуулж байгааг сонсохсон. Ямар яруухан, ямар гэгээхэн дүрээрээ та амьдралыг минь гэрэлтүүлээд, ямар тансаг, яасан нандин бүхнээр намайгаа та гийгүүлээ вэ… Хүрэн толгойн сүүдэртэй хамт хүүгийнх нь бодол хүүшлээд тогтохгүй нь..

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН