Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 26 дугаар орон сууцны барилгыг буулган, шинээр дахин барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Азийн Идэр Цамхаг” ХХК тус байрны оршин суугчид, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-тай хамтарсан уулзалт зохион байгуулж, төслийн ерөнхий танилцуулгыг хийлээ.

Уулзалтад:
• “Азийн Идэр Цамхаг” ХХК-ийн төслийн захирал Э.Батсайхан,
• “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны хэлтсийн дарга Б.Бат-Учрал,
• СБД-ийн 6 дугаар хорооны Засаг даргын орлогч Г.Билгүүн,
• тус байрны оршин суугч, өмчлөгч нар оролцлоо.

“Азийн Идэр Цамхаг” ХХК нь 2004 онд байгуулагдсан бөгөөд барилга угсралт, барилгын гадна фасадны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн туршлагатай. 2019 оноос хойш захиалгаар болон бие даан барилга барьж байгаа бөгөөд Арцат-2, Буянт Гарден, Арцат Лакшири, Хангарьд Сити-2, Ботаник Центр зэрэг томоохон төслүүдийг амжилттай ашиглалтад оруулсан.
“Азийн Идэр Цамхаг” ХХК шинэ төслийн хүрээнд 230 айлын бизнес зэрэглэлийн орон сууцыг 2027 оны 6 дугаар сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уулзалтын үеэр:
- Төслийн концепц, компанийн танилцуулга,
- Хоёр талт гэрээний нөхцөл,
- Санхүүгийн ерөнхий төлөвлөгөө,
- Нөхөн олговорын нөхцөл зэргийг дэлгэрэнгүй танилцуулж, оршин суугчдын асуултад хариулан, гарсан саналуудыг цаашид уламжлахаар боллоо.
