ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын самны Батлан хамгаалахын атташе, хурандаа Пак Ин Чоль болон шинээр томилогдож байгаа атташе, хурандаа Нам Гён Жүн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд бригадын генерал Ц.Ганзориг хоёр улсын гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаа 20 гаруй жилийн түүхтэйг онцолж, гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар танилцуулж, талархал илэрхийллээ.

Хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш тус улсаас автомашин, аврах ажиллагааны багаж, хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжүүд зэрэг буцалтгүй тусламжийг үзүүлж, аймаг, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлж, 1000 гаруй аврагч, гал сөнөөгч, мэргэжилтнүүдийг БНСУ-д богино болон дунд хугацааны сургалтад хамруулахаас гадна хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мөн хурандаа Нам Гён Жүнд хоёр улсын Онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна гамшгийн удирдлагын мэдээллийн системийн хөгжүүлэлтийг сайжруулах боломжийг судлахыг хүссэн юм.
Харин хурандаа Пак Ин Чоль Монгол улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байсныг дурдаад ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Говийн чоно” олон улсын дадлага сургуульд оролцох сонирхлоо илэрхийллээ.
