Нүүр хуудасМэдээНийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ сарын 15-ны өдрөөс “Бүлэг-2018” хэсэгчилсэн арга хэмжээг эхлүүлэн зохион байгуулж өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилж, тэдгээрийн 12 удаагийн дээрмийн үйлдлийг илрүүлэн шалгаж  байна. Манай цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, эргүүлийн чиглэлийг оновчтой зөв зохион байгуулан ажилласнаар бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх 21 хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 3827 нэгж буюу 9.4 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл 125 нэгжээр буюу 6.5 хувиар тус тус буурсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3929 дуудлага мэдээлэл хүлээн авч 1422 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, гэмт хэргийн шинжтэй 111 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 7.1 хувиар буурсан. Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 19843 зөрчил илрүүлж, гэрэл дохио зөрчсөн 175, хурдны зөрчил 578, 1 дүгээр эгнээний зөрчил 15880, түр зогсох журам зөрчсөн 3210 зөрчлийг баталгаажуулан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот орчмоор хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 34-38 хэм, өдөртөө 23-28 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 81 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 39 иргэний амь бие, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 117 сая төгрөгийн эд хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан. Булган, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр Сэлэнгэ, аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин авто тээврийн хэрэгсэл болон мал бүхий иргэдийн нүүдэл, шилжилт, хөдөлгөөнөөр  Улаанбаатар хотод тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай” 02, 03 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргийн Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна” гэж танилцуулав.

“Налайх дүүрэг дэх нүүрсний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид шалгалт явууллаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 ААН-ээс 6 нь өөрийн талбай дээр 53 ам, цооног гарган 6 нөхөрлөлийн 1375 ажилчид, хууль бусаар 37 ам, цооногт 236 иргэд ажиллаж байна. Нийт 90 ам цооногт 1190 иргэд үйл ажиллагаа явуулж байна. Монголын уламжлалт Цагаан  сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж жигнэж байгаа нь Монгол улсын Агаарын тухай хуулийн 9.1.7, Боловсролын тухай хуулийн 42.5, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллалаа” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Ирэх өдрүүдэд хүйтрэх төлөвтэй байгаа тул мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ус, цахилгаан, дулаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах хэрэгтэй байна” гээд “Энэ оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд энэ хүрээнд хийх жилийн ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн хуралд танилцуулах, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай МУ-ын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын заалт бүрт холбогдох хууль, тогтоомж, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын шийдвэр, хөтөлбөртэй уялдуулан нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН