Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар /2025.08.19/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Батбаатар Монгол, Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн 2 дугаар шатыг амжилттай хэрэгжсэн, 3 дугаар шатны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийллээ. Энэхүү төсөл нь цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан, ой нөхөн сэргээлтийн ажлыг шинэ шатанд гаргасан, бодит бүтээн байгуулалт гэдгийг сайд онцоллоо.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, БНСУ-ын төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг дурьдсан юм.
Үргэлжлүүлэх хоёр тал дараах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцлоо.
Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын зориудын нөлөөлөл, уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингийн шинэчлэл зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал дэвшүүлэв.

COP17-ын бэлтгэлийн талаар мэдээлж, хурлын байр, байгууламжийн зардалд БНСУ-ын Засгийн газраас шууд болон шууд бус санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
COP17-ын хүрээнд Монгол Улс олон улсын бэлчээр, усны менежмент, нөхөн сэргээлт, ойжуулалт зэрэг санаачилгыг дэвшүүлэхээр ажиллаж буйгаа танилцуулав.
Хоёр тал цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон улсын арга хэмжээнүүдийн хүрээнд хамтарсан уулзалт, санаачлагыг дэмжин ажиллахаар санал нэгдлээ
