Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин...

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Фиона Блитийг хүлээн авч уулзжээ

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Фиона Блитийг 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар хоёр орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хамтын ажиллагааг дүгнэхийн сацуу цаашид COP17-ын хүрээнд хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх, Монгол Улсад олон улсын анхаарал татахуйц санаачилгуудыг бодит ажил болгох, олон улсын тавцанд өндөр ач холбогдол бүхий тус арга хэмжээг олон нийтэд идэвхтэй түгээхэд Их Британийн дэмжлэг онцгой ач холбогдолтой байгааг онцоллоо.

Уулзалтаар:

COP17-ын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх хүрээнд Английн олон улсын шилдэг их дээд сургуулиудтай хамтарсан эрдэм шинжилгээний болон бусад төрлийн арга хэмжээг зохион байгуулах, байгаль орчны сэтгүүлзүйг хөгжүүлэх, Талуудын бага хуралд шаардлагатай ур чадвар олгох сургалт, чадавхж бэхжүүлэх асуудлууд;

Бэлчээр, усны менежмент, уул уурхайн нөхөн сэргээлт, шинжлэх ухааны хамтын ажиллагаа зэрэг олон улсын түвшинд дэвшүүлэх Монгол Улсын санаачилгуудад хамтран ажиллах;

Соёлын хамтын ажиллагаагаар дамжуулан Талуудын бага хурал болон байгаль орчны төлөөх хамтын хүчин чармайлтыг олон нийтэд сурталчлах таниулах боломжуудыг тус тус хэлэлцэв.

Мөн COP17-ын үеэр Монгол Улсыг дэлхийн тавцанд сурталчлах, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоог идэвхжүүлэх, тухайлбал BBC-тэй хамтран ажиллах зэрэг боломжийг ярилцав.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, Их Британи хоёр орны байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бодит боломжийг хэлэлцсэн чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН