Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар 08 дугаар сарын 21-ний өдөр Бразил Улсаас Монгол Улсад Хавсран Суух Элчин сайд Маркос Безерра Аббот Галваог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Б.Батбаатар Бразил Монгол хоёр улс байгаль орчны олон талт хамтын ажиллагаа, хэлэлцээрүүдийн хүрээнд бодлогын хувьд харилцан дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэж, ирэх 11 дүгээр сард Бразил Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн талуудын бага хурал, ирэх жилийн манай улсын зохион байгуулах Цөлжилтийн талуудын бага хурлын хүрээнд хоёр орны байгаль орчны олон талт хамтын ажиллагааны манлайллыг харилцан хадгалах чиглэлээр үр дүнтэй саналууд солилцов.

Сайд Б.Батбаатар ирэх 11 дүгээр сарын 10–21-ний өдрүүдэд Бразил Улсын Белем хотноо зохион байгуулагдах НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-д Монгол Улс өргөн бүрэлдэхүүнээр оролцох гэж буйг дурьдан, тус улсын санаачлагуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн COP30-г үдэн, Цөлжилтийн COP17-г угтах нэг жилийн хугацаанд “Белемээс Улаанбаатар хүрэх санаачилга”-ыг хамтран хэрэгжүүлэх, чингэхдээ тус улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэлэлцээрч бэлтгэх туршлагаас суралцах, өөрийн улсад мэргэшсэн хэлэлцээрч бэлтгэх хүсэлтийг илэрхийлэв.
Мөн манай хоёр улсын хувьд олон талт хэлэлцээрийн хүрээнд нутгийн уугуул болон хөдөөгийн иргэд (IPLC)-ийн асуудалд онцгой ач холбогдол өгч ажилладгийн хувьд ирэх Талуудын бага хурлуудад уг асуудлыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, COP30 болон COP17-ын үеэр хамтран манлайлал үзүүлж ажиллахаар тохиролцов.
