“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон хувийн хэвшилтэй хамтран ТЭЗҮ-г боловсруулаад байна.
“Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийн ТЭЗҮ-г Автотээврийн салбарын шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөл дэмжлээ. “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь” төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Төслийн зорилго нь нийтийн тээврийн такси үйлчилгээнд парк шинэчлэлт хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, такси үйлчилгээг баазын системээр хөгжүүлж, албан ёсны такси үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх, иргэдийн зорчих эрэлтийг хангах юм. Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүрээлэн буй орчинд үзүүлэх эерэг нөлөө үзүүлэх, такси үйлчилгээг нэгдсэн зохицуулалт, хяналтын системтэй хөгжүүлснээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэргийн гаралтыг бууруулах ач холбогдолтой юм.