Дорноговь сумын Замын-Үүд суманд бага насны хүүхэд хүчиндсэн онц ноцтой гэмт хэргийг илрүүлсэн атлаа өдгөө тухайн ялтны гүтгэлгээр хуулийн хариуцлага хүлээхдээ тулаад байгаа мөрдөгч Ч.Батзаанаас тодруулга авлаа.
– Танд энэ өдрийн мэнд хүргэе?
– Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.
– Бид цахим орчинд байршсан таны ярилцлагыг харлаа л даа, Та бидэнд энэ талаараа тодорхой ярьж болох уу?
Бололгүй яахав. Намайг Чулуунбаатарын Батзаан гэдэг. Би 2016 онд Хууль сахиулахын их сургуулийг цагдаагийн ажил эрх зүйч мэргэжлээр төгсөж тухайн жилдээ ЦЕГ-ын даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт замын цагдаагийн зохицуулагчаар томилогдсон юм. Тэгээд удалгүй мөн даргын тушаалаар тус аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст эрүүгийн мөрдөгчийн албан тушаалд томилогдон ажиллах болсон.
Эрүүгийн мөрдөгч болсноор Цагдаагийн албаны тухай хуулийн зорилт чиг үүргийн хүрээнд нууц далд аргаар үйлдэгдсэн, эзэн холбогдогч нь тодорхойгүй гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох чиглэлээр ажиллаж урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн онц ноцтой хүчингийн 3 өөр гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн. Сүүлд илрүүлсэн гэмт хэргийн холбогдогч С нь шалгагдаж байх хугацаандаа удаа дараа уулзъя гэсэн саналыг тавьсан тул түүнийг хувийн байдлыг тогтоох, эрсдэлийг тооцоолох зорилгоор нэг удаагийн уулзалтыг хийсэн.
Холбогдогч С нь надтай уулзахдаа саарал өнгийн суудлын машинтай ирж намайг аваад “ахаа би машинаа угаалгах юм, зам зуураа ярих юм байгаа” гээд нэг угаалгын газар очсон нь миний таньдаг хүн ажилладаг угаалга байж таарсан. Тэрээр машинаа угаалгах явцдаа надад хандан түүнд холбогдох хэргийг өөрт нь ашигтайгаар шийдвэрлэж өгвөл их хэмжээний мөнгө санхүү өгөх санал тавьсныг би эсэргүүцэж, дахиж ийм санал тавибал нөлөөллийн гомдол гаргаж, өөрт чинь ял нэмүүлэх болно гэдгийг сануулж, түүнд холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай” прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар түүнд мэдэгдсэн.
Тэгээд бидний яриа дуусаж би харьсан юм. Энэ явдал болсноос хойш би гэр бүлийн хамт хувийн ажлаар Улаанбаатар хот ороод буцах замдаа Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж нуруу нугасны хугаралын гэмтэл авч, дахин ажил үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд С нь нэгэнтээ түүний үйлдсэн хүчингийн хэргийн нотлох баримтыг мөрдөгч миний бие бүрэн дүүрэн тогтоож яллагдагчаар татсан тул надад өс санаж АТГ-т “Надад авлигал хээл хахууль өгсөн” гэж худал хэлж, гүтгэлгийн гомдол гаргасан байсан нь анхнаасаа түүний төлөвлөгөө байсныг ойлгосон.
Надад холбогдуулсан хэрэгт Замын-Үүд сумын прокурорын газраас хяналт тавьж намайг иргэн С-ээс авлигал хээл, хахууль авч түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Би бүр гайхаад байдаг юм. С нь над руу залгаад уулзахаасаа өмнө дэлгүүрээс ямар нэгэн худалдан авалт хийж төлбөрөө дансаар төлсөн байгаа юм. Ингээд над руу залгаж уулзсан байсан юм байна лээ. Гэтэл прокурор нь намайг иргэн С-тэй хамт дэлгүүрээр ороогүй үйлчлүүлээгүй, түүнээс дансаар болон бэлэн мөнгө төгрөг аваагүй байхад иргэн С та хоёрын утасны ярианы дуудлагын ойролцоо цагт С нь дэлгүүрээс худалдан авалт хийсэн байна энэ нь хангалттай нотлох баримт гэж үзээд байдаг нь үнэхээр хачирхалтай.
Дээр нь би С-тэй уулзах үед угаалгын газарт ажилладаг гэрч Сумъяаг таньдаг учир гар барьж мэндэлснийг С нь ажиглаж зориуд төлөвлөн түүний дансанд угаалгын тооцоо гээд миний нэрээр гүйлгээний утгатай мөнгө шилжүүлээд зогсохгүй, түүнээс машин угаалгын төлбөр авсан угаалгын газрын эзэн Сониунбат гэдэг хүний дансанд мөн давхар мөнгө шилжүүлсэн байдаг. Түүнчлэн манай эхнэрийн онлайн дэлгүүрээс өмд худалдан авсан байдаг. Түүнийгээ намайг ав гэсэн гэж гүтгэсэн байдаг юм. Ингээд харахаар намайг маш сайн судалсан байгаа юм. Ийм нөхцөл байдлуудыг тухайн прокурор авлигал гэж үзсээр хэт нэг талыг барьж хэргийг шүүхэд шилжүүлсэнд харамсдаг.
– Та яагаад хэвлэл мэдээллийн байгууллагад хандах болов?
– Би С нь намайг гүтгэсэн болохоор Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст түүнд гомдол гаргасан бөгөөд тухайн гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Зулбадрах нь гадагшаа харь улс руу явчихсан байсан угаалгын газрын эзэн гэх гэрч Сониунбаттай холбоо тогтоож С нь намайг гүтгэсэн гэдгийг гэрчлэх тайлбарыг авч мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн байсан.
Иргэн С нь намайг машинаа угаалгасан, тооцоог нь би хийсэн гэж гүтгэдэг ба үүнийг гэрч Сониубат “тухайн үед саарал өнгийн суудлын машиныг С унаж ирсэн мөрдөгч Батзаан машингүй ирсэн, машин тэрэг угаалгаагүй, С нь өөрийнхөө машиныг угаалгасан тооцоог төлсөн юм” гээд гэрчилсээр байхад тухайн гомдлыг прокуророос хаачихсан. Тэгээд би Замын-Үүдийн прокурорын даргад нь ядаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа гаргасан боловч мөн л хүлээж авахгүйгээр зогсохгүй нөгөө шударга ажилласан Зулбадрах мөрдөгчид шаардлага бичиж сахилгын арга хэмжээ авхуулсан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд яллах болон цагаатгах талын нотлох баримтыг бүрэн дүүрэн тогтоох үүрэгтэй байдаг. Гэтэл Замын-Үүд сумын прокурор нь хэт нэг талыг барьж миний болон өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гаргасан хэргийн үнэн зөвийг тогтооход нэн чухал мөрдөн шалгах тодорхой ажиллагаануудыг хийж өгөөч гэсэн хүсэлтүүдийг бүгдийг нь хангаагүй. Тэгээд нэг талыг барьсаар байгаад заавал яллана гэж зүтгэсээр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Энэхүү хуулийн гол зарчим эрх тэгш эрхийн зарчимыг гажуудуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд шүүх хавтас хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул надад маш хэцүү нөхцөл байдал тулгарсан. Учир нь эдгээр прокурорын буруутай эсхүл ямарваа нэгэн байдлаар нөгөө талд илтэд ажиллаад байгаа энэхүү үйлдлээс болоод миний бие хэлс хэргээр ял эдлэх дээрээ тулаад байна.
Замын-Үүд сумын прокурорынхон намайг онц ноцтой гэмт хэрэг илрүүлэн түүнийгээ үнэнч шудрагаар ажиллаж шийдвэрлэсэн байхад бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэрэгтний гүтгэлгээр ял оноож хэлс хэргээр гүтгэж яллаж байгаад маш их эгдүүцэл төрж, бухимдаж байгаа юм. Хүн л юм болохоор осолд ороод хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуугийн бүртгэлд групп тогтоолгох, дуртай ажлаасаа гарах асуудал үүссэн, сэтгэлзүйн хувьд хэцүү л байна.
Дээр нь Замын-Үүд сумын прокурорын дарга, хяналтын прокурор нар нь гэмт хэрэгтэнтэй үгсэн тохиролцсон мэтээр хэт талыг буюу зөвхөн намайг яллахаар улайран зүтгэж байгаа нь надад сэтгэл зүйн дарамт болсон.
Зүй нь бол насанд хүрээгүй охиныг хүчиндсэн С-ийн 1 жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг миний бие илрүүлээгүй бол С нь дахиад тухайн охиныг юм уу өөр бусад охидыг бузарлах магадлалтай. Гэтэл ийм онц ноцтой хэргийг илрүүлснийхээ төлөө мөрдөгч миний бие гэмт хэрэгтэнд гүтгүүлж, нэр бүхий прокуроруудын оролцоотойгоор яллагдахдаа хүрээд байна.
Яагаад хүчингийн хэргийн ялтан С нь хэргийг нь илрүүлсэн мөрдөгчдөө гомдол гаргах болсон шалтгаан нөхцлийг прокурор шалгаагүй орхигдуулсан, яагаад миний өгсөн гомдол, шалгуулах хүсэлтийг хангахгүй хаасанаа Замын-Үүд сумын ерөнхий прокурор Г.Батбаяр, хяналтын прокурор Г.Ганцэцэг нар тайлбарлах ёстой гэж боддог.
Тэд цагдаагийн алба хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч ажилласан намайг гэмт хэрэгтний гүтгэлэгт “итгэж” яллахаар төлөвлөж байгаад нь харамсаж миний бие хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан.
Эцэст нь прокурорын байгууллагын олон арван алба хаагчийг би буруутгаагүй бөгөөд тэдэн дунд шударга бусаар ажиллаж байгаа ганц нэг хүн байгууллагынхаа нэрийг унагах бий гэж бодож байна. Онц ноцтой гэмт хэрэг илрүүлээд өөрөө яллагдахдаа тулж буй жишээ надаар дуусаасай гэж бодож байна.