УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төрийн ордонд цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл хийлээ.
Түүний хэлж буйгаар “Халамжийн зардал сүүлийн 5 жилд 3.4 дахин өсчээ. Өөрөөр хэлбэл 5 хүн тутмын 4 нь ямар нэг байдлаар халамж авч байна гэсэн тооцоо гарсан байна.
2018 онд олгосон нийт нийгмийн халамжийн хэмжээ ₮623 тэрбум болж, энэ халамжийг нийт хүн амын 71.2% буюу 2.3 сая хүн авч байсан. Харин өнгөрсөн жилийн хувьд нийт олгосон халамжийн хэмжээ 2018 оныхоос 3.4 дахин ихсэж ₮2.1 их наядад хүрсэн байна. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж нийт хүн амын 77.6% нь халамж авдаг болжээ.
Өнгөрсөн оны нийт халамжийн дийлэнх хэсэг буюу 71.5%-ийг хүүхдийн мөнгөн тэтгэмж бүрдүүлж байна” гэдгийг онцолсон юм.
С.Цэнгүүн: Улсын төсвийн бусад зардлуудаас танаж, эмч, багш нарын цалинг нэмэх боломж бий. Засгийн газар төрийн албыг цомхон болгоно, Төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулж, үр ашиггүйг нь татан буулгана гэж байнга ярьдаг. Гэвч ЗГ-ын оруулж ирсэн төсвийг дүгнэвэл энэ үйлдэл нь харагдахгүй байна.
Төрд ойролцоогоор 80 их наяд төгрөгийн өмч байна. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудаа хувьчилж, орлого төвлөрүүлэх боломж ч байна.
Анх 2020 оны 5 сарын 6-нд МАН-ын Засгийн газар сонгуулийн өмнө 6 сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, Засгийн газраас 547 тэрбум₮ гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Үүний үр дүнд МАН 62 суудал авсан. Түүнийхээ дараа энэ мөнгийг болиулж чадалгүй өнөөг хүрсэн.
2024 оны сонгуулийн өмнө МАН “ЭТТ” хувьцааны ногдол ашиг нэрээр нэг хүнд 350,000₮ буюу нийт 1.1 их наяд₮-ийг 2024 оны цагаан сарын өмнө тараасан. Түүнийхээ дараа сонгуульд зориулж 2024 оны 4 сард “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг санаачилж, Засгийн газрын мөнгөөр төрийн албан хаагчдыг дайчилж, малчдад 842 тэрбум төгрөгийн зээл олгосноос 38.8 тэрбум нь эргэн төлөгдсөн байдалтай байна.
2023-2025 онд Монгол улс 3,5 их наяд төгрөгийг ХАА-н салбарт урамшуулал, дэмжлэг хэлбэрээр олгосон. Бодит байдал дээр ХАА-н салбарын үйлдвэрлэл /Үр тариа, улаан буудай/ 50% унасан.
2024 онд Улсын төсвөөс НДС-д 1,175.7 тэрбум төгрөг, цахилгаан, дулаан, эрчим хүчний алдагдлыг нөхөх, шөнийн тарифын хөнгөлөлтөд 221.6 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн урамшуулал, хүүгийн хөнгөлөлтөд 316.1 тэрбум төгрөг, бусад салбарын татаас санхүүжилтэд 62.7 тэрбум төгрөг, нийт 1,776.1 тэрбум төгрөгийн татаас олгосон байна.
Дэлхийн банк болон ОУВС-ын тайланд “Татаас нь зорилтот бүлгийг хамгаалах ч, зохистой бодлого, засаглалын орчин дутмаг нөхцөлд үр ашиггүй, алдагдалтай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дэмжих, бүтцийн шинэчлэлийг удаашруулах, шинэ хөрөнгө оруулалтаас зайлсхийх сэдэл болдог”, “Эрчим хүчний татаас нь үр ашиг, хариуцлагыг бууруулж, санхүүгийн сахилга батыг сулруулан, засаглалыг доройтуулах хандлагатай байдаг” гэж дүгнэсэн.
Эдгээрийг дүгнэвэл Засгийн газар өмнөх жилүүдийнхээ алдааг давтаж, үр ашиггүй төсөв оруулж ирээд хамгаалсаар байна. Төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлээ дэмжсэн, эдийн засгийг төрөлжүүлсэн төсөв гэж дүгнэхээргүй байна” гэсэн юм.





